Японы эрдэмтэд ууж хэрэглэдэг коронавирусний вакцин гарган авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /TASS/. Японы молекулын биологичид коронавирусний эсрэг түргэн үйлчилгээтэй, ууж хэрэглэдэг шинэ вакцин бүтээжээ.
Энэхүү вакциныг хэрэглэснээс хойш долоо хоногийн дотор “SARS-CoV2” вирусний эсрэг хоёр өөр төрлийн эсрэг биет үүсдгээс гадна, харшил үүсгэдэггүй байна. Судалгааны талаарх шинжлэх ухааны өгүүллийг “Biology Methods and Protocols” сэтгүүлд лхагва гарагт нийтэлсэн байна.
"Бидний бүтээсэн вакцин нь хамар залгиурын салст бүрхэвч болон цусны сийвэн дэх “IgA” эсрэг биетийн нийлэгжилтийг дэмждэг. Үүний зэрэгцээ харшил үүсгэдэггүй бөгөөд нэлээн өндөр үр дүнтэй болохыг сармагчинд хийсэн туршилтууд харууллаа" гэж эрдэмтдийн өгүүлэлд дурджээ.
Кайзу хотын Биоанагаах ухааны хүрээлэнгийн судлаач Накамүра Шин тэргүүтэй Японы молекулын биологичид энэ вакциныг бүтээжээ. Вакцины найрлагад коронавирусний “S”
уураг болон түүнийг хүний
эсэд нэвтрэх боломж
олгодог ацетилцистейн,
полиинозин-полицитидилийн хүчил орсон байна.
Судлаачдын тайлбарласнаар, ацетилцистейн нь вирусний уургийг салст бүрхэвч рүү нэвтрэхэд туслах ба хүчил нь вакцины үйлчлэлийг сайжруулдаг. Вакциныг хэрэглэхийн өмнө ацетилцистейнээр амны хөндийг зайлсны /эсвэл арчсаны/ дараа хэлэн дор бага хэмжээгээр дусаана.
Эрдэмтэд сармагчин (Cynomolgus macaques) дээр туршилт хийхдээ вакцины үр нөлөөг хоёр өөр тунгаар туршиж үзсэн байна. Туршилтаас харахад вакцины бага тун нь вакцин хэрэглэснээс хойших эхний долоо хоногт салст бүрхүүлийн эсүүдэд эсрэг биет үүсгэж байв. Их хэмжээний тун нь сармагчны цусанд “SARS -CoV 2”-ийн эсрэг хоёр өөр төрлийн эсрэг биет үүсгэжээ.
Вакцин хэрэглэсний
дараа харшлын болон үрэвслийн шинж тэмдэг илрээгүй байна.
Сүүлийн жилүүдэд биологичид амьсгалын замын вируст халдвараас сэргийлэх шинэ вакциныг гарган авахаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд вакциныг зөвхөн тариагаар бус ам, хамраар дамжуулан бие махбодод нэвтрүүлэх аргыг судлах болжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ арга нь амьсгалын замын халдварыг үүсгэдэг вирусүүд хамар, залгиурт хамгийн түрүүнд нэвтэрдэг тул дархлааны хариу урвалыг түргэсгэхийн зэрэгцээ вакцины практик хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Related news

