ХОВД: Номын баярыг жилд 5000 орчим хүн зорин ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-15 14:40:28

Жаргалант /МОНЦАМЭ/. “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр буюу "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" өнөөдөр Ховд аймагт эхэллээ.  

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Ерөнхийлөгчийн зарлиг, Ховд аймгийн "Оюун түлхүүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс энэхүү номын баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд номын баярын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 15-16-ны өдөр Ховд аймгийн төв талбай болон сумдад өрнөж байна. 


Онцлоход, аймгийн төв талбайд тус баярын нээлтийн ёслол болж, номын үзэсгэлэн гаргалаа. Энэ үеэр шинэ болон сэдэвчилсэн 360 гаруй номыг нийтийн хүртээл болгон дэлгэжээ.

Мөн бүх нийтийн уншлагыг дэмжих, үндэсний бичиг соёлыг сурталчлахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнөж, сургууль, номын клуб, сурагчдын оролцоотойгоор хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлж, номтой нөхөрлөхийг уриалж байна.   

Номын баярын нээлтэд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Нийтийн номын сангийн дарга Т.Эрдэнтуяа тэргүүтэй албаны төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, иргэд хөдөлмөрчид, зохиолч, хэвлэн нийтлэгчид өргөнөөр оролцсон бөгөөд зохиолын баатрууд, сурагчдын жагсаал алхлаа.  

Ховд аймгийн хэмжээнд жилд дунджаар 5000 орчим хүн Номын баярыг зорин ирж, тогтмол оролцдог байна. Сүүлийн жилүүдэд тус аймагт 6-18 насны уншигчдын тоо илүү өндөр, ном унших идэвх, сонирхол их байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ.   


Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор өрнөж буй номын баяр Ховд аймагт үргэлжилж байна. Номын худалдаа, "Зохиолын баатрууд амилсан нь" дүрийн уралдаан, зохиолч уншигчдын уулзалт, мэтгэлцээн, "Үлгэрээс үлгэрлэе" чанга уншлага зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг нэг дороос үзэх боломжтой. 

Related news