Үнээний ялгадсыг пуужингийн түлш болгон хувиргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-09-18 16:19:18
ОСАКА. /Kyodo/. Японы химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани үнээний ялгадаснаас шингэн биометан гарган авч, пуужингийн түлш болгон ашиглахаар төлөвлөж байгаа нь ялгадас зайлуулах асуудалтай байнга тулгардаг сүүний аж ахуй эрхлэгчдийн хувьд оновчтой шийдэл болж магадгүй байна.


Air Water Inc компани энэ намраас туршилт хийж эхлэх бөгөөд уг түлшийг Японы хойд хязгаарт орших Хоккайдо арал дээр байрладаг Interstellar Technologies Incсансар судлалын гарааны компанийн бүтээсэн пуужинг хөөргөхөд ашиглах ажээ.


Air Water нь 2021 оноос хойш Хоккайдо мужид шингэн биометан үйлдвэрлэж байгаа ажээ. Ингэхдээ Тайки суурингийн сүүний фермийн ойролцоох үйлдвэрт аргал, шээсийг боловсруулж, гарган авсан хийг Обихиро хот дахь үйлдвэр рүү тээвэрлэдэг ажээ. Дараа нь метаныг бүтээгдэхүүнээс салгаж, хөргөж, шингэн биометан болгодог.


Пуужингуудыг сансарт хөөргөхөд хангалттай хүчийг бий болгоход шингэн түлш шаардлагатай. Өндөр түвшинд цэвэршүүлсэн метаныг ихэвчлэн шингэрүүлсэн байгалийн хийг ашиглан үйлдвэрлэдэг бол тус компани малын ялгадаснаас гаргаж авсан био хийг ашиглан чанарын хувьд адилхан метан хийг үйлдвэрлэхээр ажиллаж байна.


Interstellar Technologies компанийн хувьд, үнээний ялгадаснаас гарган авсан түлшийг төхөөрөмждөө ашиглаж болох эсэхийг турших бөгөөд бага оврын Zero пуужинд ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.


Бид нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг зөрүүг тэглэх эрчим хүчийг ашиглан пуужинг хөөргөхийг зорьж байна гэж Air Water компанийн төлөөлөгч ярилаа.

 


Related news