БНХАУ, Монгол, ОХУ долоон салбарт хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-09-19 15:13:34

БЭЭЖИН. /china.org/. БНХАУ, Монгол, ОХУ гурван улс эдийн засгийн коридор байгуулах зорилгоор долоон салбарт хамтран ажиллана гэж өнгөрсөн долоо хоногт гарсан удирдамжид дурджээ.

Хөрш гурван орон хуурай газар, агаар, усан замын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тээврийн дэд бүтцийг сайжруулна гэж Хятад улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын гаргасан удирдамжид дурдсан байна.

Энэ төлөвлөгөөний хүрээнд гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулахад чиглэсэн тээврийн журмыг шинэчлэн гаргаж, нэвтрэх боомтуудын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах юм.

Гурван улс эрчим хүч, ашигт малтмал, технологи, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг салбарууд дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн хилийн дагуух нутгуудад худалдаа, үйлчилгээг өргөжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, оюуны өмч зэрэг салбаруудад илүү нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Үүнээс гадна байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутгийн захиргаа болон хилийн дагуух бүс нутгуудын түншлэлийг бэхжүүлнэ.

Уг удирдамжийг өнгөрсөн зургадугаар сард Узбекистаны Ташкент хотод болсон гурван улсын тэргүүн нарын уулзалтын дараа баталж, гарын үсэг зуржээ.

Д.Нямтулга

 

Related news