У.Хүрэлсүх: Бид дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна хүнс экспортлогч орон болох боломж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-29 21:17:10

Сүхбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Бялхам ивээлт" ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн тариалалттай танилцлаа.

 

Энэ үeэр компанийн захирал Ким Сон Чоль хүлэмжийн аж ахуйд бүх төрлийн ногоо тарьж ургуулж байгаа туршлагаа хуваалцлаа.

 

Тэрбээр Монголын хөрсөнд тарьж ургуулах боломжтой цагаан будааны шинэ сорт гарган авах судалгааны ажил эхлүүлсэн байна.

 

Мөн хүн амын хэрэгцээнд эрүүл, чанар, шим тэжээл сайтай хүнсний ногоо нийлүүлэх ажилдаа шинэ, дэвшилтэт арга технологиудыг нэвтрүүлж ажиллахаас гадна нийслэл болон Завхан, Ховд, Дундговь, Төв, Сэлэнгэ аймгийн нарийн ногоо тариалагчдад энэ арга, технологио урилгаар заадаг хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж байв.

 

Тэрбээр Монгол орны хөрсөнд ямар ч ногоо ургах боломжтой гэдгийг онцлоод, 100 гаруй нэр төрлийн ногоо тарьж ургуулсан хэмээв. Эдгээр ногооны дийлэнх нь гаднаас импортоор орж ирдэг хүнсний ногоонууд байв. Мөн өөрийн арга туршлагаа ногоочдод хуваалцаж 5000 гаруй шавьтай болжээ.

 

"Бялхам ивээлт" ХХК нь нийт 3 га ашигтай талбай бүхий зуны 66, үрсэлгээний 24 хүлэмж, мөн задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байгаа аж.

 

Үүнээс тарвас, амтат гуа, үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, кимчи байцаа, эрдэнэшиш, хаш, бүдүүн ногоон сонгино, сармис гэх мэт 11 нэр төрлийн нарийн ногоог борлуулж байгаа гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн хүлэмжийн болон дагалдах тоног төхөөрөмжийг гаалийн импортын татвараас чөлөөлжээ.

 

“Бялхам ивээл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ким Сон Чёл хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал”-ыг дэмжиж байгаагаа хэлсэн юм.

 

Монгол Улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой гэдгийг тэрбээр Ерөнхийлөгчид хэлж байв.


Энэ үг маш их урам өглөө, бид дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна хүнс экспортлогч орон болох боломж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ. 







Related news