ГОВЬ-АЛТАЙ: Н.Мэндбаяр: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг тусад нь бүртгэн, бүртгэлийн системд хяналт тавьдаг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-11 13:34:51

Есөнбулаг 2023 оны 10 дугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Н.Мэндбаяртай тус аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар ярилцлаа. 


-Говь-Алтай аймаг 2023 он гарсаар гэмт хэргийн гаралт хэр зэрэг байна, ямар төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна вэ?

-2023 оны эхний есөн сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмч хөрөнгөд 1,2 сая төгрөгийн хохирол учирсан 218 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,8 хувиар өссөн бол учирсан хохирол 561,2 сая төгрөгөөр буюу 82,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Нийт гэмт хэрэгт 153 хүн холбогдож, гэмт хэргийн улмаас таван хүн нас барж 68 хүн гэмтжээ. 


Бүртгэгдсэн 218 гэмт хэргийг бүтцээр нь авч үзвэл 57 буюу 26,1 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 130 буюу 59,6 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 48 буюу 22,8 хувь нь залилах гэмт хэрэг, 18 буюу 8,2 хувийг мал хулгайлах гэмт хэрэг, 10 буюу 4,6 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа юм.


Ер нь манай аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ он гарсаар аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 52,5 хувийг илрүүлсэн үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,5 хувиар өссөн, энэ нь улсын дунджаас 4 хувиар илүү байгаа юм. 


-Та малын хулгайн гэмт хэргийн талаар яриандаа дурдлаа. Ер нь Говь-Алтай аймгийн хувьд мал хулгайлах гэмт хэрэг, түүний илрүүлэлт хэр байдаг юм бол?

-Ер нь энэ төрлийн гэмт хэрэг иргэдийн өвлийн идшээ бэлтгэх цаг хугацаа буюу 11, 12 дугаар сард ихэвчлэн үйлдэгддэг. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас сүүлийн жилүүдэд “Мал-Мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд өрнүүлдэг. Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газраас аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран малын хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор хяналтын цэгүүдийг тогтмол ажиллуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулдаг. 


Мал хулгайлах гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Одоогоор 2023 онд бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн 71 хувийг илрүүлээд байна.


Манай аймгийн хувьд бусад аймгаас мал хулгайлах гэмт хэрэг харьцангуй бага гардаг хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсээр л байна. Ялангуяа Баянхонгор аймагтай хил залгаа оршдог Тайшир, Гуулин, Дэлгэр суманд бүртгэгддэг. Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийн үйлдлийг харвал Баян-Өлгий, Ховд аймагт мал, махны үйлдвэр байгуулагдсантай холбоотойгоор тус аймгийн иргэд манай аймгаас мал, мах тэр тусмаа адуу худалдан авч байгаатай зэрэгцэн үүнийг дагасан хэд хэдэн гэмт хэрэг бүртгэгдлээ. Ховд, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газартай энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр хамтран ажилласны үр дүнд мал хулгайлах гэмт хэргийн хоёр бүлэг этгээдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт ямархуу байдаг вэ. Ер нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хууль, эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулинд энэ чиглэлд тусгайлсан зүйл анги багтсан. Зөрчлийн тухай хуулинд ч мөн адил. Тиймээс сүүлийн үед гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа нэлээн яригддаг болсон. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн ажилд чамгүй ажлуудыг хийдэг. Тухайлбал,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг тусгай дугаараар хүлээн авах мөн 7048-102 дугаарт ирсэн энэ төрлийн дуудлага мэдээллийг тусад нь бүртгэн авах сан үүсгэж бүртгэлийн системд хяналт тавьдаг болсон. Ингэхдээ гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээллийг утсаар, хаягаар, овог нэрээр нь бүртгэн авч давтамжийг нь тооцдог болсон.


Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дан ганц Цагдаагийн байгууллага анхаарч ажиллах нь үр дүнд хүрэхгүй. Эцэг эх, хамтарсан баг, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийг хамруулан хамтран ажиллаж байж үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо буурах ёстой. 


-Тэгвэл Говь-Алтай аймгийн тухайд хүүхэд холбогдсон, эрх нь зөрчигдсөн, хохирсон гэмт хэрэг хэр зэрэг бүртгэгддэг вэ, илрүүлэлт хэр байдаг юм бол?

-2023 оны эхний есөн сарын байдлаар насанд хүрээгүй хүний буюу хүүхэд холбогдсон 11 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45,4 хувиар өссөн. Харин хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2023 он гарсаар бүртгэгдээгүй байна. Ер нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чамгүй ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал, ЕБС, СӨБ-ын байгууллагын холбогдох алба хаагчидтай хамтран сургалт, нөлөөллийн ажлуудыг өрнүүлдэг. Манай аймгийн тухайд хүүхэд холбогдсон хэргийг ажвал, газ үнэрлэх, хулгайлах гэмт хэрэг, нэгнийгээ дээрлэхсэн үйлдлүүд бий. 


-Гэмт хэрэг, тэр тусмаа хүүхдийн асуудлыг ярихаар камержуулалт яалт ч үгүй яригддаг. Манай аймгийн тухайд камержуулалтын нөхцөл байдал ямархуу байдаг вэ?

-Бид нийгмээрээ орчин үеэ дагаж амьдрах ёстой. Техник технологийн дэвшлийг энэ цаг хугацаанд ашиглах хэрэгтэй юм. Цагдаагийн ерөнхий газраас “Ногоон бүс” төслийг зохион байгуулан хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, 2022 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-4 дүгээр хороог сонгон яг энэ бүсийг ногоон бүс болгохоор төслөө хэрэгжүүлсэн. Үр дүнд нь гэмт хэргийн гаралт 80 хувиар буурч, илрүүлэлт 50 хувиар өсч тухайн бүс нутагт гэмт хэрэг, зөрчил, иргэдийн аюулгүй байдал маш сайн хангагдаж байгаа юм.

Тиймээс энэ төслөө улсын хэмжээнд зайлшгүй зохион байгуулах шаардлагатай юм гээд 21 аймагт хэрэгжүүлж байгаа. Миний тухайд Говь-Алтай аймагт томилогдон ирээд бүтэн нэг жил ажиллаж байна. Ирсэн цаг хугацаанаасаа л яг энэ камержуулалтын ажлыг холбогдох албаны хүмүүст ярьж, санал бодлоо илэрхийлж байгаа. Манай аймгийн тухайд 2010 оноос хойш дөрвөн удаа камержуулалтын ажлыг зохион байгуулсан юм билээ. Ингэхдээ төсөвт арчилгааны зардлыг тусгадаггүй байсан учир тухайн үедээ камер суурилуулаад орхидог, тодорхой цаг хугацаанд ашигладаг ч одоо элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл гээд ашиглагдахаа байсан байдалтай байна. 


-Аймгийн ИТХ-аар камержуулах ажлын талаар саналаа хүргүүлж энэ оны төсөвт тусгуулсан. Яг хэдэн төгрөгийг камержуулах ажилд тусгав, ажил ямархуу шатандаа явж байна?

-2023 оны зургаадугаар сарын 30-нд болсон аймгийн ИТХ-ын 13 дугаар хуралдаанд камержуулах саналаа оруулж, 150 сая төгрөгийг шийдүүлсэн. Аймгийн ЗДТГ-аас энэ ажлыг хийх аж ахуйн нэгжийг сонгохоор тендер зарлан “Сутайн-Өгөөж” компани шалгарсан. Одоогоор ажлын гүйцэтгэл 10 хувьтай явж байна.


“Сутайн-Өгөөж” компани аймгийн ЗДТГ-тай гэрээ хийхдээ өөрсдийн нөөц бололцоог ашиглан 150 гаруй сая төгрөгийг урьдчилан шийдвэрлээд энэ онд нийт 300 орчим сая төгрөгөөр камержуулалтын ажлыг хийхээр болсон.


Камержуулах ажлыг хэрэгжүүлэхэд нэг жилийн төсөвт суулгах боломжгүй, үе шаттайгаар зохион байгуулъя гээд 150 сая төгрөгийг энэ онд шийдвэрлэсэн. Ямартай ч энэхүү төсөвт багтаан аймгийн төв Есөнбулаг сумын гол цэгүүдэд хамгийн чанартай камер суурилуулах “Сутайн-Өгөөж” компанийн холбогдох албаны хүмүүстэй тохиролцон хамтран ажиллаж байна. 


-Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй байдлаа хангаж орчноо камержуулах үүрэг чиглэл өгсөн гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Цагдаагийн байгууллагаас аймагт үйл ажиллагаа явуулж буй 250 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд орчноо камержуулах нэг сарын хугацаатай үүрэг чиглэл өглөө. Ингэснээр тэд өөрсдийн аюулгүй байдлаа хангахаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх түүнчлэн үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт буурах, илрүүлэлт өсөх чухал ач холбогдтой юм.


-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 


Related news