ЗАВХАН: Төрийн албан хаагчид 2025 онд бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-17 14:35:21

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Тус аймагт Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны багш нар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оноос албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд ажиллаж байна. 


Энэ хүрээнд Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулжээ.

Төрийн байгууллагын дарга нарт цахимаар, архив бичиг хэргийн ажилтнуудад танхимаар орсон энэ сургалтад 86 удирдах ажилтан, 200 гаруй төрийн албан хаагч хамрагдсан байна.


Мөн үеэр сургалт зохион байгуулахын зэрэгцээ төрийн байгууллагын хаягжилт, албан хэргээ хос бичгээр туршилтаар хөтлөх хэрэгжилтийн явцад зөвлөмж, чиглэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.




Завхан аймгийн тухайд аймгийн Засаг даргаар ахлуулсан хэлний бодлогын салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Бие даасан салбар зөвлөл ажилласнаар Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, төрөөс соёлын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, тайлагнах боломж бүрдэж байгаа юм.


Өөрөөр хэлбэл бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх. Үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах.



Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиг үүргийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй юм.


Монгол хэлний тухай хуулийн 6.1.7, 17.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллах аяныг үе шаттай зохион байгуулж, аймгийн 23 сумын 116 төрийн байгууллагаас 77 байгууллага байгууллагын гаднах хаягийг хос бичгээр бичжээ.



Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллагууд монгол бичгийн өдөртэй болж, төрийн албан хаагчид хос бичгээр албан хэргээ хөтлөх бэлтгэл ажлыг хангаж байна.


Учир нь Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэлийг орон нутагт хангаж байна.


Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс  албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан юм.


Энэ заалтыг хоёр жилийн дараа мөрдөж эхлэх тул Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталсан гэж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Related news