ДАРХАН-УУЛ: Ургац хураалт хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-23 16:19:05

Дархан, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд намрын ургац хураалт хэвийн үргэлжилж байна. ХХААГ-аас өгсөн мэдээллээр энэ сарын 20-ны өдрийн байдлаар 17001.7 га талбайгаас 56819.5 тонн ургац хураан авсан аж. Нийт хураан авах ургацын 75.5 хувийг хураагаад байна. 




Үр тариа 9772.8 га талбайгаас 13841.5 тонн, төмс 373.1 га талбайгаас 4810 тонн, хүнсний ногоо 1326.8 га талбайгаас 20005.0 тонн, малын тэжээл 1100 га талбайгаас 2530 тонн, тосны ургамал 4340 га талбайгаас 1770.6 тонн ургац хураажээ.




Намрын ургац хураалтын ажилд их, дээд сургуулиудын оюутан, залуусыг тариаланчид оролцуулж байна. Тухайлбал аравдугаар сарын эхнээс Дархан Политехникийн коллеж, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, АШУҮИС-ийн нийт 110 оюутан иргэн, ААНБ-ын захиалгын дагуу ургацын талбайд ажилласан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд найман тариаланч 98 оюутан, 120 сурагч, ажил хайгч 250 иргэн нийт 468 хүн, хүч ажиллуулжээ.




Ташрамд, аймгийн хэмжээнд 19235 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалтыг 24851.1 га талбайд хийж 5616.1 га-аар нэмэгдүүлсэн аж.

 

Related news