ГОВЬ-АЛТАЙ: А.Ержан: Он гарсаар зам тээврийн ослын улмаас хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-06 11:31:35

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Дэд хурандаа А.Ержантай 2023 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн зөрчил хэргийн талаар ярилцаж, цаг үеийн мэдээлэл авлаа. 


-Говь-Алтай аймгийн тухайд 2023 он гарсаар эхний есөн сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, хэрэг хэд бүртгэгдэв, одоогоор нөхцөл байдал ямар байна?

-Говь-Алтай аймгийн хэмжээнд зам тээврийн осол энэ оны есөн сарын байдлаар 27 бүртгэгдлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18-аар буурсан үзүүлэлттэй байгаа. Харин гэмт хэрэг 2022 онд 10 бүртгэгдсэн бол 2023 оны есөн сарын байдлаар 7 бүртгэгдэж 3-аар буурсан. Ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоо хоёроор буурсан байна.

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд нас барсан бол энэ он гарсаар бүртгэгдээгүй таатай мэдээ бий. 



-Зөрчлийн хэрэг, тэр тусмаа согтуугаар тээврийн хэрэг жолоодох явдал буурахгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Ер нь энэ төрлийн хэргийн илрүүлэлт хэр байдаг вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа. Улсын хэмжээнд өрнөж байгаа “Уусан бол бүү жолоод” аян 7 хоног бүрийн баасан гарагт явагддаг. Жолооч нар баасан гараг бүрд энэ аян явагддаг гэж мэддэг хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоор байгаа нь харамсалтай. Өдөрт дунджаар 4-5 тохиолдол бүртгэгдэж байна. 


-Зам тээврийн ослын шалтгаан нь юу байна. Таны хэлээд байгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болоод байна уу?

-Зам тээврийн осол гарах хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн гол шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал. Дараа нь санамсар болгоомжгүй явах, ядарсан үедээ жолоо барих нь осол гарах шалтгаан болдог. Энэ нь орон нутгийн замд ихэвчлэн бүртгэгддэг. Гурав дахь шалтгаан нь гэрэл шилжүүлэхгүй байх, гэрэл хэрэглэх журам зөрчих. Энэ бас ослын голлох шалтгаан болж хэрэг буурахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Гэрэл шилжүүлэхгүй байх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн жолоочийн харагдах үзэгдэх орчныг хязгаарлаж улмаар зам тээврийн ослын шалтгаан болж байгаа юм. Үүнийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Гэрэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 


-Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор “Уусан бол бүү жолоод”, “Гэрэл” аяныг хэрэгжүүлж байна гэлээ. Аяныг үр дүнтэй өрнүүлэхэд та бүхэн хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-“Уусан бол бүү жолоод” арга хэмжээ 2-3 жил хэрэгжиж байгаа учир иргэд сайн мэдэж байгаа болов уу. Хэдийгээр чамгүй хугацаанд өрнөж байгаа боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох явдал таслан зогсоогдохгүй байгаа учир үргэлжилсээр байгаа юм. Дээрх хоёр арга хэмжээг манай баг хамт 7 хоног бүр тогтмол зохион байгуулж байна. Ингэснээр зам тээврийн осол буурах, цаашлаад хэн нэгний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж байгаа юм.

Гэвч жолооч нар ослын голлох шалтгаан болоод байгаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн гэрлээ шилжүүлэхгүй байх, бүрэн бус гэрэлтэй хөдөлгөөнд оролцох гэх мэт зөрчлүүдийг гаргасаар байгаа юм.


Арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор “Уусан бол бүү жолоод” аяныг 7 хоног бүрийн баасан гараг, “Гэрэл” аяныг өдөр бүр шөнийн цагаар төвийн болон орон нутгийн замд хяналт шалгалт хийж хэрэгжүүлж байна. Тодруулбал, "Гэрэл" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Автотээврийн төвтэй хамтран хот хоорондын зорчигч тээврийн автобусны гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, өвлийн дугуй, дагалдах хэрэгслийг нь шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллаж байна.


-Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт бидний хэлж заншсан хятад мотоцикл жолоодон гэмтэж бэртсэн иргэд цөөнгүй хэвтэн эмчлүүлдэг, тоо нь ч буурдаггүй үзүүлэлт байна. Энэ чиглэлээр танай тасгаас хэрхэн анхаарч, хяналт тавин ажилладаг вэ?

-Мотоциклтэй хамааралтай осол, хэрэг, нас баралт улсын хэмжээнд өссөн дүн мэдээтэй байдаг. 2022 оны тухайд Говь-Алтай аймгийн хэмжээнд 7-8 нас баралт бүртгэгдсэн. Харин 2023 он гарсаар энэ тоо харьцангуй буурсан, гэвч одоогоор 2-3 нас баралт бүртгэгдээд байна. Хөдөө орон нутгийн иргэд мотоциклийг морьтой адил үзэн замгүй газраар явах мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсоноос үүдэн осол, гэмтэлд өртөж байна. Мотоцикл бол техник юм гэдгийг сайн ойлгон бартаа саад багатай замыг сонгон хурдаа тохируулж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодохгүй байх шаардлагатай байна.


Түүнчлэн мотоцикл унаж яваад осолдон гэмтэж бэртсэн хүүхэд цөөнгүй байдаг. Иймд эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэд мотоцикл унуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Бидний тухайд энэхүү хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор сумдын хэсгийн төлөөлөгч нарт мотоциклийн хөдөлгөөнд хяналт тавих үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Сум бүрд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл ажилладаг. Эдгээр хүмүүсээр дамжуулан мотоциклийг улсын дугаартай болгон бүртгэлжүүлэх, жолоодох эрхийн А ангилалтай болгох сургалтуудыг тогтмол явуулж байна. Түүнчлэн зам тээврийн ослыг бууруулах зорилгоор өвлийн улирал өөрөөр хэлбэл халтиргаа гулгааны үеэр мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг гаргах юм. 

-Цаг үеийн мэдээлэл, зөвлөмж хүргэсэнд баярлалаа.  



Related news