Г.Батгэрэл :“Хэнтий Ус” ХХК 920 сая төгрөгийн өртэй, 516 сая төгрөгийн авлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-22 14:32:40

Хэнтий аймгийн төвийн ихэнх байрны оршин суугчдыг цэвэр бохир ус, хог, халаалт дулаанаар хангадаг “Хэнтий Ус”  ХХК-ийн өр нэг тэрбумд дөхөөд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар “Хэнтий Ус” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар шинээр томилогдон ажиллаж байгаа Г.Батгэрэлээс тодрууллаа.

-Хэнтий ус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хэзээ томилогдов? Ажилтайгаа хэр танилцаж амжаад байна вэ?

-Би 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Аймгийн Засаг даргын захирамжаар “Хэнтий Ус” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Одоогоор ажлаа хүлээж аваад бүх л зүйлстэй нь танилцаад явж байна даа.

-Та төсөв санхүү, ажил байлдлын хувьд яг ямар байгууллага хүлээж авсан бэ?

-Ажлаа хүлээж аваад инженерүүд болон санхүүчидтэйгээ уулзаж, ярилцаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. “Хэнтий Ус” ХХК маань нэлээд өр авлагатай байгаа нь үнэн. Ер нь өр авлага гэдэг бол бүх л байгууллагад байдаг, тэр тусмаа төрийн өмчид харьяалагдаж байгаа манай компанид байдаг байсан асуудал. Манай санхүүгийн гаргасан 7 дугаар сарын 30-ны өдрийн тайланг харахад 920 сая төгрөгийн өртэй гарсан байна. Үүнд банкны зээлээс эхлүүлээд бүх л зүйлс орсон байгаа. Мөн нийт 516 сая төгрөгийн авлагатай байна.

-Энэ өр хэнээс, хэзээнээс, юунаас үүсэлтэй болоод ийм өндөр тоонд хүрээд байгаа юм бэ? Хаана хаана хэдэн төгрөгний өр, авлагатай вэ?

-Өмнөх өрөө бүрэн дарж гүйцэлдүүлэхгүй, авлагаа бүрэн аваагүй явсаар, бага багаар нэмэгдсээр ийм байдалд хүрээд байгаа юм. Бэрхийн дулааны станц  гэхэд л 2010 онд манай мэдэлд орсон,  жил бүр улсаас авдаг 300 сая төгрөгийн татаасаа сүүлийн хоёр жил огт аваагүй нь хүндрэл учруулж байна. Мөн менежмент санхүүгийн сахилга бат алдагдсанаас хүндрэлүүд гарсан.

Авлагын тухайд, орон нутгийн иргэдээс 145 сая төгрөг, аж ахуй нэгжүүдээс ерөнхий тоогоор 181 сая төгрөг, төсөвт байгууллагуудаас 149 сая төгрөгийн авлагатай байгаа.

-Ер нь өмнөх дарга нар өр төлбөр барагдуулах ажил хэр хийж ирсэн юм бол? Ажилчдаа гадаад дотоодоор зугаалуулдаг, байцаагч нар нь сар бүр бичилт хийдэггүй гэх мэт иргэдийн яриа их байна л даа?

-Энэ өр, авлага гэдэг зүйл үе үедээ байсан юм. Бид бүхэн орон нутгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу арга хэмжээ авч байгаа. Борлуулалтын 6 байцаагчтай, үүнээс 2 нь өртэй байх жишээтэй. Энэ бол тухайн хүний хувийн хариуцлага, мэдлэг чадвар, ажилласан жилээс шалтгаалж байгаа юм. Бид үүн дээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна.

-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн базааж байна вэ?  Танайх хаана хаана халаалт дулаан, цэвэр бохир ус түгээж ажилладаг вэ?

-Манай аймаг нийт 11 уурын зуухтай болж байгаа. Эдгээр уурын зуухтай холбоотой бүхий л аж ахуйн нэгж, хувь хүмүүс манай байгууллагад хамаарна. Бид бүхний хамгийн гол ажил бол ирэх 10 дугаар сарын 1 гэхэд халаалтын асуудлыг шийдэж, дулааныг өгөх ёстой. Үүнийгээ биелүүлэхийн төлөө л шамдан ажиллаж байна даа.

-Таны ажлын ойрын төлөвлөгөө юу вэ?

-Эхний ээлжинд санхүүгийн асуудал болон өр авлагын асуудлыг аль болох боломжит байдлаар шийднэ. Мөн энэ өвлийн халаалтын асуудлыг цагт нь багтаах. Ер нь байгууллагынхаа бүтэц бүрэлдэхүүн, эмх журмыг нь сайжруулах хэрэгтэй гэдэг зүйлийг харсан. Тийм учраас хүмүүсийг тухайн цагт нь хариуцлагатайгаар ажиллах үүрэг, нөхцлийг нь бүрдүүлж өгнө. Хариуцлага гэдэг зүйл хүн бүхэнд байх ёстой гэсэн зарчмыг баримталж ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news