ХЭНТИЙ: Өвөлжилт хүндэрсэн сумдад тэжээл олгохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-07 20:21:28
Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан сумдаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээ авахад бэлтгэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Шуурхай штаб” байгуулсан. Тус штаб өнөөдөр сумдын Засаг дарга нартай цахимаар хуралдаж өвс тэжээлийн нөөц, нөхөн хангалт, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.
Өнгөрсөн жил олон улсын байгууллагаас нийлүүлсэн 850 шуудай хорголжин тэжээлийг сумдад хуваарилж нийт 180 өрхөд олгохоор шийдвэрлэсэн аж. Нэг сумын 10-11 өрхөд тус бүр 5-6 шуудай тэжээл ногдох юм. Сумдын Онцгой комиссоос тэжээл олгох өрхийн тоог ирүүлэхээр болжээ. Харин Улсын нөөцөд байгаа өвс тэжээлээс тус аймагт 60 тонн хивэг хуваарилсан бөгөөд хивгийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэг шуудайг нь 12 мянган төгрөгөөр олгохоор болжээ.
Мөн Дорнод аймгийн Мэнэнгийн талаас өвс татан авах ажлыг зохион байгуулж байна. Иймд сумд хичнээн тооны өвс худалдан авах тухай тооцооллоо ирүүлэхийг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Related news