Татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-15 16:38:29

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-т хөнгөлөлт үзүүлж, буцаан олголт өгөх хугацаа өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-нд дуусах талаар Татварын байгууллагаас мэдээллээ. Үүнд:

  • Оюутны сургалтын төлбөр,
  • Орон сууц худалдан авалт тус тус хамаарч байгаа юм.

Түүнчлэн компани, ААН-үүд татварын албанд тайлангаа ирүүлэх хугацаа мөн өдрөөр дуусах нь.

Татварын тайлан авах хугацаа нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-наар дуусдаг боловч энэ жил Сар шинийн баяртай холбоотойгоор нэг өдөр хойшилж, хоёрдугаар сарын 16-наар дуусах хугацааг сунгажээ.

Хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх нь өөрөө хөөн хэлэлцэх хугацаагаар тооцогдож буй бөгөөд өмнөх 4 жилд багтан орон сууц худалдан авсан бол иргэд баримтаа хавсарган, тайлангаа гаргаад хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтойг мэдээлж байна.


Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөөр 6 сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг.


Гол нь орон сууц худалдан авсан өдрөөр буюу хугацаагаар өөрийн орлого нотлох баримтаа бүрдүүлж хавсаргахыг сануулж байна. Мөн зээлтэй иргэд зээлийн гэрээгээ хавсаргах юм. Орон сууц худалдан авсан иргэд

  • Захиалгын дагуу гэрээгээр шинэ орон сууц худалдан авсан,
  • Хуучин, ашигласан орон сууцыг худалдах болон худалдан авах гэрээ хийн авсан,
  • Эсвэл өөрөө тухайн орон сууцыг барьсан бол гэсэн 3 нөхцөлд хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, хамрагдах боломжтой аж. Тиймээс бүрдүүлж, хавсаргах материал нь дээрх нөхцөлөөс хамааран өөр өөр байна.

Нэмж мэдээлэхэд, Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийг тухайн жилийн тайлан дүнгээр буцаан авдаг болсон юм.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол Татварын шинэ хуулиар дагавар, асраг хамгаалагчаар нь бүртгэсэн хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс хөнгөлөлт авах юм. 

Related news