"Ливерпүүл" баг Английн лигийн Цомыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-26 14:41:30

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 26 /РИА Новости/.  Английн лигийн Цомын тэмцээний финалын тоглолтод “Ливерпүүл”-ийн хөлбөмбөгчиид Лондоны “Челси” багийг нэмэлт цаг 1:0 харьцаагаар хожсоноор тус тэмцээнд 10 дахь удаагаа аваргаллаа.  


Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үндсэн цаг 0:0 харьцаагаар дууссан байна. Тоглолтын 60 дахь минутанд “Ливерпүүл”-ийн хамгаалагч Виржил ван Дейк “Челси”-гийн хаалганд бөмбөг оруулсан боловч шүүлтийн дүрс бичлэгийг (VAR) нягтлан үзсэнээр отон тоглолт байсныг тодорхойлж, гоолыг хүчингүй болгожээ.


Харин нэмэлт цагийн 118 дахь минутанд ван Дейк дахин оновчтой хийж гоол оруулснаар багтаа ялалт авчирлаа.


Баярлаж хөөрсөн “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп хэлэхдээ, Английн лигийн Цомыг хүртсэн нь миний 20 гаруй жилийн мэргэжлийн замналд онцгой шагнал боллоо гэв.


Цомыг 10 дахь удаагаа хүртэж буй тус баг энэ үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон бол Германы дасгалжуулагч Ю.Клоппын удирдлага дор Лигийн Цомыг 2 удаа хүртэж, Премьер лиг, Английн Цом, Английн Супер цом, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, дэлхийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаар 8 том тэмцээнд түрүүлсэн байна. Мөн түүний удирдаж байсан Дортмундын "Боруссия" баг  5 удаа тэргүүн шагнал хүртжээ. 


Ю.Клопп энэ улирлыг дуусгаад “Ливерпүүл”-ээс явна.  

Related news