ГОВЬ-АЛТАЙ: Улсад тэргүүлсэн 31 багш таван сая төгрөгийн урамшуулал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-03-25 10:46:37

Говь-Алтай, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/ Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн заах арга зүйн нэгдлийн 31 багшид тус бүр 5 сая төгрөгийн урамшуулал олгосон тухай ЗДТГ-аас мэдээлэв.


Мөн тус сургуулийн багш нарын арга туршлагыг судлахаар Завхан, Ховд аймгийн багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал сэтгэгдлээ хуваалцлаа. Баруун бүсийн багш нарын төлөөлөл “Говь-Алтай аймгийн удирдлагууд боловсролын хөгжлийг дэмжин урамшуулж, үндэсний хэмжээнд үлгэр жишээ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйд халуун баяр хүргэж, илүү их амжилтыг хүсэн ерөөе" гэв.


Говь-Алтай аймагт 2021 оноос хэрэгжиж буй "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт амжилттай ажиллаж буй багш нэг бүрийн хөдөлмөр зүтгэлийг 2023 онд 500 мянгаас 30 сая төгрөгөөр урамшуулсан нь бодит үнэлэмжийг бий болгох, багш, хүүхэд бүрийн тэгш оролцоог сайжруулах, багшийн ур ухаан, мэдлэг боловсрол, заах арга зүйн чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр орон нутгийн төсвөөс зарцуулж буй бодит дэмжлэг болсон билээ.


Тухайлбал, ЭЕШ-д сурагчдаа нийтээр нь амжилттай бэлтгэсэн Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Н.Нарантуяаг 30 сая төгрөг, физикийн багш Б.Нацагдоржийг 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Энэ хичээлийн жил эхэлснээс хойш гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 31 багшийг тус бүр таван сая төгрөгөөр шагнаж амжилтыг нь үнэллээ.


Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад 788, СӨБ-ын байгууллагад 181 үндсэн багш ажиллаж байна. 2023-2024 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн ЕБС-ийн 788 үндсэн багшийн 82,1 хувь нь эмэгтэй, 17,9 хувь нь эрэгтэй бол СӨБ-ын 181 багшаас 96,7 хувь нь эмэгтэй, 3,3 хувь нь эрэгтэй багш байгаа тухай Статистикийн хэлтсээс танилцууллаа. ЕБС-д ажиллаж байгаа багш нарын 32,9 хувь нь бага ангийн, 45,8 хувь нь дунд, 21,3 хувь нь ахлах ангийн багш байна. 



Related news