Цахилгаан барааны экспортоор Энэтхэг улс Хятадтай өрсөлдөж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-01 15:48:21

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны гуравдугаар сарын 1 /Bloomberg/. Барууны орнууд болон Хятад улсын хооронд геополитикийн хурцадмал байдал үүсээд буй энэ үед Энэтхэг улсаас Америк, Их Британи ба бусад орнууд руу нийлүүлэх электрон барааны хэмжээ нэмэгджээ. 


Тус улс электрон барааны экспортоо өсгөж байгаа нь Хятадтай өрсөлдөх чадвар нь нэмэгдэж байгааг харуулж байна гэж Лондонд төвтэй санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Fathom Financial Consulting компанийн судалгаанд дурдсан байна.

 

2021 оны 11 дүгээр сард Энэтхэгээс АНУ-д экспортолсон цахим бүтээгдэхүүний хэмжээ Хятадаас нийлүүлсэн бүтээгдэхүүний 2.51 хувьтай тэнцэж байсан бол 2023 онд энэ хэмжээ 7.65 хувь болж өсжээ. Их Британи руу хийсэн экспортын үзүүлэлт 4.79 хувиас 10 хувьд хүрсэн байна. Түүнчлэн Австрали, Канад, Шинэ Зеланд руу экспортолсон хэмжээ нэмэгджээ.


Энэтхэгийн эрх баригчид татварыг бууруулах, үйлдвэр эрхлэхэд зориулан газар авах журмыг хялбарчлах, хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зэргээр электрон бараа үйлдвэрлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Тус улсад Samsung компанийн гар утасны томоохон үйлдвэр байрладаг бол Apple компани бүх iPhone утасныхаа 7 орчим хувийг Foxconn Technology Group, Pegatron гэсэн гэрээт компаниудаар дамжуулан Энэтхэгт үйлдвэрлэдэг.


Fathom Financial Consulting-ийн эдийн засагч Эндрю Харрис Энэтхэгийн экспортын өсөлтийг Foxconn -оос Энэтхэгт оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбон тайлбарлалаа. Түүнчлэн Энэтхэг шиг тоглогч гарч ирсэн нь "China plus One" стратеги болон үндэстэн дамнасан корпорацууд үйлдвэрлэлийнхээ нөөц хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хичээх болсонтой холбоотой гэдгийг тэрбээр хэллээ.

Related news