Т.Буяндэлгэр: Ундны усаа хайрлаж, хамгаалах нь хүн бүрийн үүрэг хэдий ч хэрэгжүүлж чаддаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-23 15:05:14

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Дархан хотын иргэдийг ундны цэвэр усаар хангадаг "Дархан-Ус суваг" ХК-ийн ерөнхий инженер Т.Буяндэлгэртэй ярилцлаа.

 

-Дэлхийн усны өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийг "Дархан-Ус суваг" ХК хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Бидний ажлыг ойлгож иргэдэд мэдээлэл өгч, усаа хайрлан хамгаалахад хамтран зүтгэж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье.




Энэ жилийн тухайд “Ус ба энх тайван” уриан дор тэмдэглэж байна. Манай байгууллага усны өдрөөр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан усны үнэ цэнийн талаар хичээл ордог. Бид усыг хайрлаж, хамгаалах, хэмнэх ёстой гэдгээ мэддэг ч хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс мэддэг зүйлээ хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарах талаар нөлөөллийн ажлыг зохион байгуулж хэвшсэн. Өнөөдрийн хувьд аймгийн БОАЖГ, БШУГ-тай хамтран 13 сургуулийн 500 гаруй сурагчид усны ач холбогдол, түүний хэрэгцээ шаардлага, нөөц, хэрхэн хэмнэлттэй, хүртээмжтэй ашиглах талаар мэдээлэл өгсөн.




-Байгууллагын ажиллах нөхцөлийн талаар мэдээлэл өгнө үү?

-"Дархан-Ус суваг" ХК-ийн тухайд 24 цагийн үйл ажиллагаатай. Иргэдийг хүссэн үедээ ус хэрэглэх боломжийг хангахын төлөө зогсох эрхгүйгээр бид ажиллаж, найдвартай итгэмжлэгдсэн лабораториор шинжилсэн евро стандартын бүх шаардлагыг ханган ажиллаж байна.




Нийт 39 төрлийн шинжилгээг усанд хийн баталгаажуулж, тодорхой цэгүүдээс тогтмол дээж авдаг. Энгийнээр ойлгомжтой хэлбэл, 169 км шугам, сүлжээ бидний амьдарч буй Дархан хотын газрын гүнд байрлаж, түүгээр тасралтгүй дамжуулан унд, ахуйн стандартын шаардлага хангасан цэвэр усыг иргэддээ түгээх үндсэн үйл ажиллагааг явуулж байна.

Мөн түүнээс гарах бохир шингэнийг байгаль орчинд хоргүй болгож цэвэршүүлнэ. Өнөөдрийн байдлаар шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон. Төслийн үр дүн 98 хувийн цэвэршилт гаргах байсан бол үйлдвэр, ААНБ-аас ирж буй их бохирдолтой усыг цэвэршүүлэх явцад хүндрэл үүсэж одоогоор 95 орчим хувийн цэвэршилттэй байна.

 

-Шавхагддаг нөөцтэй гэдгийг хүн бүр мэддэг ч хэр хэмжээний усны нөөц байгааг бид мэддэггүй. Жил ирэх бүр нэмэгдэж буй хүн амд хангалттай хүрэлцээтэй юу?

-Өнөөдрийн байдлаар 7-9 мянган м.куб усыг хоногт олзворлож айл, өрх ААНБ-уудад түгээж байна. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлын 15 орчим хувийг ашиглаж байгаа болохоор Дархан хотын хэрэглээг тэлэх боломжтой. 

 


-Гүнээс олзворлож айл өрхүүд рүү түгээж буй газрын доорх шугам, хоолой хэр найдвартай, мөн эдэлгээ даах чадвартай вэ?

-"Дархан ус суваг" ХК-ийн хувьд 169 км цэвэр усны шугамыг хариуцаж байна. Үүний 47 хувь нь өндөр насжилттай буюу олон жил ашигласан. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 10.5 км шугам солих ажлыг энэ жил Өгөөмөр баян булаг ХХК хийж дуусгахаар ажиллаж байна.

Бүгд Найрамдах Австри улсын нэн хөнгөлөлттэй зээлээр засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 10.3 км шугам төслөөр хийгдэж байна. Энэ нь уян ширмэн шугам учраас үйлдвэрийн бүс буюу ачаалал өндөртэй хэсгээсээ эхэлж сольж байна.




Газрын дор хийгддэг шугам хоолойн хувьд олон төрөл байдаг. Ган шугам, ширмэн шугам, хуванцар шугам болон бетонон шугам ч бий. Насжилтаараа бүгд барилгын норм дүрмээрээ өөр өөр. Тухайлбал ган шугам ойролцоогоор 30 жилийн насжилттай, дулааны шугам 15 жил, хуванцар шугамын стандарт насжилт нь 50 жил байдаг. 


Манай компанийн тухайд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох уян ширмэн хоолойг тавьж байна. Уг хоолой нь тус аймгийн элсэрхэг хөрстэй нөхцөлд 300 жил наслах боломжтой.




"Дархан -Ус суваг" ХК өөрийн хөрөнгөөр жилд 1.1 км орчим шугамыг шинэчилж байна. Манай санхүүгийн чадавх тийм байгаа учраас хэрэгцээндээ хүрч шинэчлэх боломж өнөөдрийн хувьд хомс. Тиймээс бидний ажлыг ойлгож, хүндэтгэн хүлээцтэй хандахыг иргэдээсээ хүсэж байна.

 

-Үндсэн үүргийнхээ дагуу шугам, хоолойг солих ажлыг хийж байна. Гэвч айл өрхүүдэд бэрхшээл тулгардаг. Зэвтэй ус гарах, барилгын дотоод шугам хоолой насжилт өндөр байдаг. Иргэд юунд анхаарах ёстой вэ?

-Манай улсад түгээмэл тохиолддог зүйл нь стандартын мөрдлөг дутуу байдал. Шуудхан хэлэхэд бид тогтоож өгсөн стандартыг мөрдөж чаддаггүй. Стандартын хэрэгжилт маш чухал нөлөөтэй.

Иргэд цэвэр усны шугамаа сонгохдоо Барилгын хөгжлийн төв юм уу, ШУТИС-ийн барилгын материалын төвүүдэд шинжилгээ өгсөн сертификаттай шугамаар материалаа сонгож хэрэглэхийг зөвлөж байна.




Ундны ус хүний анхдагч эрүүл ахуйн хүнсний бүтээгдэхүүн. Материалын шинж чанараас хамаараад түүгээр гүйж байгаа усны найрлагад өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Энэ нь богино хугацаанд хүний биед огцом хортой нөлөө үзүүлж чадахгүй ч урт хугацаанд хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэх магадлалтай.




Нөгөөтэйгүүр зэв гарна гэдэг нь металл дээр үүсдэг зүйл. Зэв нь хүний биед хор нөлөө байхгүй гэдгийг дэлхийн хэмжээнд нотолсон байдаг.

Зэвийг арилгах арга нь тусдаа байдаг. Манай байгууллагад хүсэлт өгч өөрийн эзэмшлийн шугамаа манай лабораториор ариутгал, халдваргүйтгэл угаалга хийлгэчихвэл шугам доторх нян, бохирдлыг бүрэн халдваргүйтгэл хийж устгадаг. Дахин үржих боломжгүй болгодог учраас эрүүл ахуйн шаардлагыг хангана гэсэн үг.

 

-Дэлхийн зарим улс, орон зэс шугам хоолой ашигладаг. Манай улсад ялангуяа Дархан хотод ашиглах боломжтой юу?

-Европын орнуудад түгээмэл ашигладаг. Бид зэс хоолой ашиглах боломжтой ч маш өндөр өртөгтэй. Түүгээр үндсэн шугам, хоолойг солино гэвэл санхүүгийн хүндрэл учрах тул одоогоор бид авах боломжгүй байна.

Бидний ашиглаж, түгээж байгаа магистрал төв шугамууд стандартын шаардлага хангасан материалаар хийгдсэн учир аюулгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 


-Энэ онд хийх томоохон ажлуудаас дурдвал? Цаашдын зорилго.

-Бүгд найрамдах Австри улсын нэн хөнгөлөлттэй зээлээр ухаалаг тоолуурын төсөл болон шугам сүлжээ өргөтгөх шинэчлэлийн ажлыг хийж байна. Уг ажил 2025 онд дуусна.

Цаашид Дархан хотын цэвэр усны төв шугамыг бүрэн шинэчилж, иргэдийн эрүүл, аюулгүй ундны усаар хангах үндсэн үүргээ сайжруулж шинэчилнэ.




Энэ хүрээнд төслийн тусгай баг гарган бэлтгэж байна. Иргэдийн хуралд хүсэлт тавьж зохих шатны байгууллагуудаар дамжуулж төслөө танилцуулж, УИХ төсөв батлахаас өмнө өргөн барих зорилготой. Төслийн баг 17 хүний бүрэлдэхүүн ажиллаж байна. Бохир усны шугам доторлогоо, цэвэр усны шугам доторлогоо, цэвэр усны магистрал шугамуудыг солих гэсэн гурван үндсэн чиглэлтэй.

 

-Ажиллах боловсон хүчин хангалттай байж чаддаг уу?

-Нэг сайхан мэдээ дуулгахад өнөөдөр "Дархан Ус суваг" ХК-ийн мэдээлэл технологийн инженерийн ажилд БНСУ-д сургууль төгссөн залуу ажилд орж байна.


Улаанбаатар хотоос гэр бүлээрээ шилжин ирж амьдрахаар төслийн инженерийн орон тоонд Тайванийн Яншао их сургуулийг төгссөн залуу материалаа өгч анкетын түвшинд тэнцсэн. Ирэх долоо хоногт ажилдаа орохоор болсон.


Мөн Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаа засварчин залуучууд гэр бүлээрээ шилжин ирж ажиллах уулзалт хийсэн. Дэлхийн усны өдрөөр шинэ боловсон хүчнээр эгнээгээ тэлсэн сайхан өдөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Related news