Хил орчмын нутагт түймрээс сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-26 14:44:03

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. ОБЕГ, Швейцарын холбооны улсын Хөгжлийн агентлаг, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам хамтран хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх төслийг 2017 оноос манай улсад хэрэгжүүлж байна.


Төслийн явцыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох, Монгол, Хятад хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын холбооны улсын шинжээчдийн хамт БНХАУ-ын Бээжин хотод ажиллав. Энэ үеэр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Гадаад харилцаа, аврах ажиллагааны газар, Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Гал, аврах ажиллагааны үндэсний албаны төлөөлөлтэй гурван талт уулзалт хийж, Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр урт хугацаанд үргэлжүүлэн хамтран ажиллахаар болжээ.


Төслийн хүрээнд Онцгой байдлын албаны аврагч нарыг бэлтгэх модуль сургалтын байгууламжийг байгуулна. Ингэснээр сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу бэлтгэх боломжтой болохоос гадна Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гарын авлагыг нутагшуулах юм.


Мөн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт гамшиг, осол тэр дундаа ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Үүний зэрэгцээ Бүс ба зам санаачилгын хүрээнд гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсоныг ОБЕГ мэдээлэв.

 

Related news