“Азийн хүүхдүүд” тоглолтод 3 мянга гаруй өсвөрийн тамирчид оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-30 21:21:29

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 30. /ТАСС/. “Азийн хүүхдүүд” олон улсын спортын тоглолтод 25 улсын 3 мянга гаруй өсвөрийн тамирчид оролцоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев мэдэгдлээ.

 

Тэрбээр хэлэхдээ “спортын энэхүү том тэмцээн нь онцгой ач холбогдолтой бөгөөд түүнийг өндөр түвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон тэмдэглэв. “Дэлхийн шинэ шударга спортын хөгжлийн төв болох боломж чадавх Орос улсад бий” гэж бүрэн эрхт төлөөлөгч хэллээ.

 

ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин хэлэхдээ “Азийн хүүхдүүд” тоглолт нь олон улсын хэмжээний төслүүдийн дотор томоохон байр суурь эзэлдэг. Орос улс шинэ шинэ талбаруудыг санал болгодог нээлттэй орон хэвээр байна. Хүүхдүүдийн дунд олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах нь спортын төдийгүй хүмүүжлийн онцгой ач холбогдолтой. Мөн манай олон үндэстний баялаг соёл уламжлалыг хүүхдүүдэд таниулна” гэлээ.   

 

 1996 оноос эхлэлтэй “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам энэ оны 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 7 хүртэл Якутск хотод болно. Өсвөрийн тамирчид спортын 24 төрөлд 239 багц медалийн өрсөлдөх юм. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд уг наадамд Ази тивийн 40 гаруй улсын 15 мянга гаруй тамирчин хүүхдүүд оролцжээ.

 

Өдгөө “Азийн хүүхдүүд” тоглолт нь өсвөрийн тамирчдын хувьд их спорт руу орох гарааны талбар болж байна. 

Related news