Хэнтийн хүү Д.Мөнхбаатар Пауэрлифтингийн Дэлхийн аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-04 16:59:25

Хэнтий аймгийн Өлзийт тосгоны уугуул, Багануур хотын суугуул иргэн Уурхайчин клубын тамирчин ОУХМ Д.Мөнхбаатар Пауэрлифтингийн дэлхийн аварга болжээ.

Түүний хувьд өнгөрөгч 8-р сарын 10-16-ны өдрүүдэд ОХУ-ын Курск хотод болсон Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүчний гурван төрлийн нэг болох Газраас таталтын төрөлд 245 кг татаж Алтан медаль, мөн гурван төрлийн нийлбэр дүнгээр 725 кг өргөж Алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Д.Мөнхбаатар нь Өлзийтийн САА-д төрж өссөн бөгөөд 1999 онд Багануур дүүрэгт ЕБС-иа дүүргэж, 2003 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгсжээ. Пауэрлифтинг буюу штанктай суулт, цээжний шахалт, газраас таталт, нийлбэр дүнгээр дөрвөн медаль авах боломжтой энэхүү спортоор 10 жил хичээллэж байгаа бөгөөд 2010 онд Ази тивийн аварга, 2014 онд Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байжээ.

Д.Мөнхбаатар оны өмнө болох УАШТ болон он гараад Франц улсад болох тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news