СЭЛЭНГЭ: Аймгийн Сонгуулийн хорооны анхдугаар хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-24 15:50:49

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. 2024 оны сонгуулийг томсгосон тойрог буюу бүсчилсэн байдлаар зохион байгуулах гэж байна. Нийт 13 тойрогт хуваагдаж байгаа бөгөөд Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг 5 дугаар тойрог бөгөөд 10 мандаттай учир 10 хүнийг сонгоно.  

 

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталж, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан сумдын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ.

 

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо дараах бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо. Тодруулбал:

Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Нарийн бичгийн даргаар Сүхбаатар сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн захирал Б.Болд, гишүүдэд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Төв аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат Сүхбаатар сумын ЗДТГ-ын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Д.Хунцэцэг, аймгийн СХЗХ-ийн дарга Д.Ган-Отгон, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн УБХ-ийн дарга Б.Саранчимэг, аймгийн ЦГ-ын дарга  С.Батхуяг нар ажиллах юм.

 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан.

 

Энэ удаагийн сонгууль нь холимог тогтолцоогоор явагдаж байгаа бөгөөд сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

 

УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болно. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 71000 гаруй сонгогч санал өгөх юм.

Related news