Ц.Гэрэлмаа:Эрүүл мэндийн салбарт 354 сая төгрөгийн өр хуримтлагдсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-07 16:08:03

Хэнтий аймгийн ЭМГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Ц.Гэрэлмаатай уулзаж, салбарынх нь ажил байдлын талаар цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

Тэрээр хавдар судлаач эмч мэргэжилтэй бөгөөд 2001 оноос Хэнтий аймгийн Баянхутаг сумын эмнэлгийн эрхлэгч, их эмчээр, 2011 оноос аймгйин Нэгдсэн эмнэлгийн хавдар судлаач их эмчээр ажиллаж байгаад өнгөрөгч 9 сард Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажилдаа ороод байна.

-Юуны өмнө Танд шинэ албанд томилогдсонд баяр хүргэе. Ажлаа хүлээн аваад цөөнгүй хоногийг өнгөрүүллээ. Ер нь танай салбарт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдсан асуудал бол хүний нөөц, төсөв санхүү, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүндрэл чирэгдлүүд, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл зэрэг ажлууд байна. Дээр нь зарим хөдөө сумдын хүн эмнэлгийн байшин барилга, халаалтын асуудал, түргэн тусламжийн автомашины бүрэн бүтэн байдал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ашиглалт гээд тулгамдсан асуудлууд нэлээд харагдаж байна.  

-Төсөв санхүү хамгийн тулгамдсан асуудлын нэг гэж та сая хэллээ. Үүнийгээ тодруулж ярина уу?

-Төсөв санхүүгийн хувьд хүндрэл байна аа. Аймгийн маань эрүүл мэндийн салбарын хэмжээнд нийт 354 сая төгрөгийн өр хуримтлагдсан байна. Үүнээс Нэгдсэн эмнэлэг 192 сая, Эрүүл мэндийн анхан шатны төвүүд 62 сая төгрөгийн эм, цалин, тогтмол зардлын өртэй. Үлдсэн 100 сая төгрөгийн өр Бор-Өндөр, Бэрх, Биндэр сум дундын эмнэлгүүд, Уламжлалт Анагаах Ухааны Төв, Зооноз ӨСТ-үүдээс үүссэн байна.

-Энэ өр хэзээнээс эхлээд хуримтлагдсан бэ? Өр үүсэх шалтгаан нь юу юм бол?

-2013 оноос эхэлж он дамжин хуримтлагдсаар ийм хэмжээнд хүрсэн байна. Надад санхүүжилт дутуугаас үүссэн гэж тайлбарласан боловч яг судлаад үзэхэд жил болгон санхүүжилт бүрэн хэмжээгээр ирж байсан нь тодорхой болсон. Энэ бол зардлаа хэтрүүлсэн, төсвийг зохисгүй зарцуулсан, төсвийн байгууллагын удирдлага санхүүгийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн зэрэг олон ноцтой зүйлүүд харагдаж байгаа. Мөн Шилэн дансанд санхүүгийн баримт мэдээллээ байршуулдаггүй. Тунгалаг шилний бодлого алдагдсан. Бүх санхүүгийн мэдээллүүд далд хэлбэрт орчихсон байна. Эмнэлгийн ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн шимтгэл төлсөн баримт нь дансаар орсон цалинтай зөрсөн гэх мэт олон асуудлууд байна.

-Төсвийн байгууллагад жил бүр аудитын шалгалт хийгддэг шүү дээ. Шалгалтаар энэ асуудлууд ил гарч байгаагүй юмуу?

-Тиймээ. Жил бүр л мэргэжлийн хяналтын санхүүгийн шалгалт, аудитын шалгалт хийгдэж байсан ч тайлангийнхаа нэг хувийг  Эрүүл мэндийн газарт өгөөгүй. Харин ЭМЯ-руу явуулах гэж байсан тайланг үзэхэд ямар ч ноцтой гэхээр дүгнэлт гараагүй байсан. Тиймээс би аудитын газарт хүсэлт гаргаж цалингийн сан, эмчилгээний зардал зэргийг сонгож авч аудитын шалгалт хийлгэх санал гаргаад байна. Шалгалтаар бүх асуудал ил болсны дараа шаардлагатай арга хэмжээг авах болно.

-Та цаашид Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?

-Бид “Цахим эмнэлэг” болох зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад иргэдэд ямар ч хүндрэл чирэгдэл үүсэхгүй. Иргэдийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол эмнэлэгт үзүүлэх оочир дугаарлалт авах асуудал байдаг. Иргэд маань шинжилгээ өгөхийн тулд үүрээр ирж дугаарладаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд угтах, лавлах, цаг товлох үйлчилгээнд шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Угтах үйлчилгээнд зориулж нэгдсэн эмнэлэгт дуутай, дуугүй хөтчүүдийг ажиллуулахаар бэлтгэж байна. Цаашлаад ахмадууд, хүнд өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээний дугаар, лавлах, цаг товлох үйлчилгээг цахимаар болон утсаар өгөх боломжийг бүрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.

Мөн манайд оношилгооны төв байгуулагдсан боловч байрны хүрэлцээгүйгээс төвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Эмнэлгийн шинэ барилга маань ашиглалтанд орвол оношилгооны үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Түүнчлэн тасаг нэг бүр хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлдэг болно гэх мэтчилэн төлөвлөсөн ажлууд нэлээд байна. Хамгийн гол нь иргэдэд түргэн шуурхай, хүртээмжэй, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх зорилго тавин ажиллаж байна.

-Иргэдийн дунд аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга хэзээ ашиглалтад орох бол гэсэн хүлээлт маш их байна. Төсөв хөрөнгө нь шийдэгдсэн үү?

-Барилгын ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа. Төсвийн тодотголоор үлдэгдэл санхүүжилт болох 3,3 тэрбум төгрөг тавигдсан. Энэ мөнгө нь гүйцэтгэгч компани руугаа шилжвэл 2016 ондоо багтаагаад эмнэлгийг ашиглалтад оруулах зорилготой байна. 

-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олны ажилд амжилт хүсье.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

 

Related news