ДОРНОГОВЬ: Бүрдэнийн элсэн сувиллын маршрут

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-12 16:06:31

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байх бөөрний өвчинд сайн гэгддэг Бүрдэнийн элсний сувилалд амрах маршрут буюу товч мэдээллийг хүргэе.


Улаанбаатараас зүүн өмнө зүгт засмал замаар автомашинаар 550 гаруй км давхиад Бүрдэнийн сувилал хүрнэ. Гэхдээ Улаанбаатараас галт тэргээр Эрдэнэ сум хүрээд тэндээс хувийн унаанд сууж сувилал хүрэх боломжтой. Учир нь тус сум босоо тэнхлэгийн төмөр замын дагуу байрладаг. Сумын төвөөс баруун урагш 27 км зайд 30-40 минут давхиад 11 орчим ам дөрвөлжин га талбайд хэсэг хэсгээр сунаж тогтсон элсэн манхан бүхий говийн баянбүрдэд очно. Энэ бол байгаль эхийн нэгэн онцгой бүтээл төдийгүй зорин ирэх аялагч жуулчдын нүдийг хужирладаг газар юм.


Өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар Бүрдэнийн элс бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсгийн үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосноос хойш бөөрний сувиллын үйл ажиллагааг улсаас явуулж байжээ. Харин 1995 онд тус сувиллыг Эрдэнэ сумын мэдэлд бүрэн шилжүүлсэн төдийгүй 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байдаг. Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг. 


Эдүгээ сувиллыг түшиглэж эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Үйл ажиллагааг нь өргөтгөх, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар агаарын цахилгаан дамжуулах шугам барьж, 24 цагийн эрчим хүчтэй болгосон төдийгүй амрагчдын байр, эмнэлэг, хоолны тасалгаа, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан


Элсний сувиллыг зорьж биеэ жил бүр эмчлүүлдэг хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн гурван жил, төдийгүй арваад жил тогтмол эмчлүүлж байгаа хүн бий. Сувиллаар жилд 300 гаруй хүн үйлчилгээ үзүүлдэг бол аялал жуулчлалын чиглэлээр 600-700 гаруй хүнд үйлчилдэг гэсэн тоо баримт байна. Харин өвөл, хаврын улиралд үйл ажиллагаа нь түр зогсдог. 


Сувилал зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчдээ хүлээн авч үйлчилдэг. Учир нь энэ хугацаанд нарны эрчим хүч хамгийн их энерги ялгаруулж, элс эрчимтэй халдаг тул эмчилгээ хийлгэхэд тохиромжтой 
гэдэг.


Улсын Геологийн төв лабораторид элсний шинжилгээг 44 элементээр шинжлүүлэхэд үр дүн нь сайн гарч зөвхөн бөөрний өвчин биш үе мөч, хөл гар, бага насны хүүхдэд тохиолддог рахитыг эмчлэхэд ч сайн болох нь батлагджээ. 7-10 хоногийн хугацаанд сувилуулсан иргэд буцаад Эрдэнэ сумын төв хүрч тэндээсээ галт тэргээр, эсвэл өөрийн унаагаар шууд явах боломжтой.  

Related news