ДОРНОГОВЬ: Дэлгэрэх сумын наадамд 100 хуурч хөг аялгуугаа эгшиглүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-19 14:09:07

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн Дэлгэрэх сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.


Сумын Соёл, спортын төвийн хөгжмийн багш Хуурч овгийн Халтарын Болдбаатар түүхт ойн баярын нээлтэд зориулж сумын сургуулийн сурагчид болон өөрийн шавь нарын бүрэлдэхүүнтэй 100 хуурчийн найрал хөгжмийг эгшиглүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.


Дэлгэрэх сумын бусдаас ялгарах онцлог нь хурдан адуу, хуур хоёр аж. Нэгэн үе тус сумын айл өрх болгон хууртай байв. Айл бүхний хоймрын хөндийд утаанд дарагдсан том том хуур бурхантай дүйцэн залаастай байснаас гадна хуур урладаг олон хүн байв. 1957 онд аймгийн Соёлын ордны тайзнаа зөвхөн Дэлгэрэх сумаас 25 хуурч тоглож байжээ.


Тиймээс хуур, адуу хоёроо хөглөн ирсэн зочин гийчдэд сэтгэлийн жаргал эдлүүлэхээр ажиллаж байна хэмээн хуурч, хөгжмийн багш Халтарын Болдбаатар өгүүлэв. Дэлгэрэх сумын наадам 7 дугаар сарын 15-16-нд болно.

Related news