Филармонийн Морин хуур найрал, Узбекистан Улсын үндэсний хөгжмийн эрдмийн найрал хөгжимтэй хамтран тоглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2024-06-26 08:49:27

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Филармонийн Морин хуур найрал, Узбекистан Улсын үндэсний хөгжмийн эрдмийн найрал хөгжимтэй хамтран Ташкент хотноо энэ сарын 25-нд "Узбекистан" олон улсын чуулга уулзалтын ордонд уран бүтээлээ толилуулав.


Хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулсан уг хамтарсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэлэв. Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Морин хуур найрал хөгжим анх удаа Ташкент хотноо эгшиглэж, хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар узбек анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай буйгаа илэрхийлж, энэхүү хамтарсан тоглолт нь хоёр орны иргэдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв.


Монгол, Узбекийн сор болсон 21 бүтээлийг хоршин тоглож толилуулсан тус тоглолтыг Узбекистаны төр засаг, бизнесийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, монгол иргэдийн төлөөлөл зэрэг 1500 хүн үзэж сонирхов. Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаагийн 600 гаруй тоглолтыг зохион байгуулж, үндэснийхээ урлагийг олон улсад сурталчлан таниулсаар ирсэн. Тус чуулгын энэхүү онцгой гавьяаг өндрөөр үнэлж, Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээж, 2024 онд бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр Морин хуур найрал хөгжим болсон юм.


Монгол Улсын Гадаад харилцааны яам хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан Морин хуурын чуулгыг дэлхийн нэр хүндтэй тайзнаа уран бүтээлээ толилуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ирсэн. Тухайлбал, тус чуулга Япон Улсын NHK телевизийн концертын их танхим, Австрали Улсын Сиднейн Дуурийн театр, Франц Улсын Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, БНХАУ-ын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд “Монголын сайхан орон” тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ.






Related news