СЭЛЭНГЭ: Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-26 10:23:05

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Сувилахуйн манлайлал ба судалгааны арга зүй" сургалтаар сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд зүрхний цахилгаан бичлэг унших чадварт суралцсан байна. 


Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар улсын Гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд “Чадварлаг сувилагч” ажлын байрны сургалт, “Амилуулах ур чадварын тэмцээн” болон ажлын байрны эмх цэгцийг сайжруулах 5С хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт ажлыг зохион байгуулж байна.

 

Дээрх ажлын хүрээнд УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл, ЖАЙКА ОУБ-ын сайн дурын ажилтан Ү.Томоми, УГТЭ-ийн сувилахуй эрхэлсэн дэд захирал Д.Тунгаамаа нарын бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.


Ажлын баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны багтай хамтран ЭМГ-ын дэргэдэх "Тунамал нарс" сургалтын баазад онол, дадлага хосолсон 2 өдрийн сургалт явууллаа. Сургалтаар сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг зүрхний цахилгаан бичлэг унших чадварт сургажээ.


Сургалтад өрх, сум, тосгоны бага эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд хамрагдсан байна.


Цаашид хамтран ажиллах гэрээний хүрээнд бага эмч, сувилагч нарыг нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадварт суралцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.  


Ингэснээр сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт ахиц, үр дүн гарах юм.

 

Related news