ТӨВ: Аймгийн баяр наадам өргөн дэлгэр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-14 11:36:20

Зуунмод, 2024 долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулсны 101, Зуунмод хот байгуулсны 82, II богд Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ.

 

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглолоо. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Дүнжингарав дэвжээ”, “Бат комплект” ХХК-ийн бөх, сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртэв.


Шагайн харвааны багийн харваанд Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай Дэлгэрхаан сумын баг тэргүүлсэн бол Аймгийн гоц мэргэн Б. Сумьяабазар ахлагчтай Баян-Өнжүүл сумын баг, Аймгийн гоц мэргэн У.Уранбаатар ахлагчтай Заамар сумын баг тус тус шалгарав.


Шагайн харвааны Өсвөрийн цуваа харвааны тэргүүн байрт Төв аймгийн Баян сумын “Цэц баян” багийн харваач А.Тэмүгэн, дэд байрт Төв аймгийн Баян сумын “Цэц Баян” багийн харваач Б.Батцогт, гуравдугаар байрт Төв аймгийн Баян сумын “Цэц баян” багийн харваач А.Хаш-Эрдэнэ шалгарлаа.


Насанд хүрэгчдийн цуваа харвааг Баян-Өнжүүл сумын харьяат, залуу харваач Б.Маргад-Эрдэнэ тэргүүлж, Баян-Өнжүүл сумын харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Н.Төмөрбаатар, Төв аймгийн Заамар сумын харьяат, Аймгийн гоц мэргэн С.Саранцогт нар удааллаа.





Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд:

1. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул, Даланзадгад сумын харьяат “Ёл мэргэн” холбооны харваач Э.Дарханбаатар /Аймгийн мэргэн цолын болзол хангасан/

2. Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл багийн уугуул, “Алдар спорт хороо”-ны харваач А.Алтансүх /Аймгийн гарамгай харваач цолын болзол хангасан/

3. Төв аймгийн Зуунмод сумын уугуул, “Бурхан Халдун” багийн харваач, спортын мастер А.Хатанбаатар /Аймгийн гоц харваач цолын болзол хангасан/

 

Эмэгтэйчүүдийн харваанд:

1. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбоо, Дорноговь Политехник коллежийн харваач, сумын мэргэн Б.Нандин-Эрдэнэ

2. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хантайшир зурхайн харваач, Спортын дэд мастер Б.Өлзийцэрэн

3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, “Ёл мэргэн” холбооны харваач, Спортын дэд мастер, аймгийн Онч харваач Н.Жавхланчимэг нар тус тус шалгарав.


Үндэсний сурын өсвөрийн харваанд 68 өсвөрийн харваач онч мэргэнээ сорин өрсөлдсөнөөс хөвгүүдийн харваанд:


1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, 10а ангийн сурагч, “Зэлэм” клубийн харваач Ч.Цэндсүрэн

2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, 10в ангийн сурагч “Жархайн мэргэд” сурын холбооны харваач Ц. Азжаргал

3. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Монгол харваа Андууд” клубийн харваач Ц.Далайхүү нар тэргүүллээ.

 

Охидын харваанд:

1. Завхан аймгийн Яруу сусын харьяат, “Их Богдын оргил Тэнгэрийн сум” клубийн харваач Б.Есүгэн

2. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, “Зэлмэ” клубийн харваач Э.Хонгорзул

3. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын харваач Б.Дэчмаа нар тус тус шалгарлаа.

 


Хурдан дааганы уралдаанд 39 даага хурдалснаас Төв аймгийн Аргалант сумын харъяат О.Эрдэнэчулууны зээрд даага түрүүлж, Төв аймгийн Зуунмод сумын Б.Гантулгын зээрд даага аман хүзүүнд хурдаллаа.


Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын Б.Цэдэвдоржийн яруу хонгор, дөрөвт Төв аймгийн Зуунмод сумын А.Өнөржаргалын халтар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харъяат Д.Баасандоржийн хээр хурдалж, наадамчин түмнээ баясгалаа.

 

Их насны морины уралдаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уяач Д.Баасандоржийн бор түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Б.Галбадрахын халтар аман хүзүүдсэн юм.


Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Сант сумын уяач Б.Галбадрахын бор, айргийн дөрөвт Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Батдоржийн бор алаг, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Амартүвшингийн хээр морь хурдаллаа.

 

Хурдан соёолонгийн уралдааны түрүү магнайд Төв аймгийн Аргалант сумын уяач Ж.Мөнхтөрийн хээр цоохор, аман хүзүүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Т.Раднаагийн хээр орлоо.


Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Ганзоригийн хээр, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Сант сумын уяач Г.Мөнгөнхуягийн хул, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Д.Батжаргалын зээрд соёолон хурдаллаа.


Хурдан азарганы уралдаанд 38 хурдан азарга хурдалснаас Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Мөнх-Оргилын хээр азарга түрүүлж, Төв аймгийн Зуунмод сумын уяач Б.Насанжаргалын зээрд азарга аман хүзүүнд хурдаллаа.


Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Ганзоригийн халтар, айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн зээрд, айргийн тавд Баянхонгорр амйгийн Баян-Овоо сумын уяач Я.Даваадалайгийн хүрэн азарга хурдалж, наадамчин түмнээ баясгав.


Шүдлэн насны морьдын уралдаанд 80 гаруй шандаст хүлэг хурдалснаас Төв аймгийн Зуунмод сумын харьяат Н.Энхсайханы уул түрүүлж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Д.Баасандоржийн хул морь аман хүзүүнд хурдлав.


Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Д.Ганбаатарын зээрд халзан, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын М.Оюунбаатарын сартай зээрд, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын Ц.Болдын ягаан тус тус хурдалж уясан эзэн, уралдаанч хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

 

 

 

Related news