ДОРНОГОВЬ: Сайхандулаан сумын түүхт 100 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-13 19:37:09

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сум байгуулсны түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 9-11-нд боллоо.


Сайхандулаан сум 1691 онд халхад Говь мэргэн вангийн хошуу үүсэх үеэс эхлэн Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харьяалагдаж байсан бол ардын хувьсгал ялсны дараа  1924 онд  Мэргэн вангийн хошууны баруун долоогийн Ардын төлөөлөгчдийн хурлаас Их дулаан, Хутаг уул, Оцол сансар, Хоёр өлзийт уулын хошууд хэмээн бүтцийг өөрчлөн шинээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


1924 оны долоодугаар сард Их дулаан уулын хошуунд Мэргэн вангийн хошууны зүүн долоогийн 500 гаруй өрхийг хуваарилан Сайхан, Буянт, Эрдэнэ, Дэлгэрэх дөрвөн сумыг хамруулан Богд хан уулын аймгийн Их дулаан уулын хошууны  Сайхан сум гэх болжээ.


Сайхан сумыг олон жил тэргүүлэн хошуундаа зүс царай, зан аашаараа олны хүндлэлийг хүлээсэн хошуу захирагч Гомбын Чоймболыг “Сайхан занги” гэдэг байсан тул нутгийн Их бага, дулаан уулын нэрийг холбон  эдүгээгийн Сайхандулаан сумын нэрийг үүсгэсэн түүхтэй аж.


Тус сумаас хуульч, ард олондоо “Цэцэн” хэмээн алдаршсан Сандаг, “Гандангийн бүрхэг” хэмээн алдаршсан БНМАУ-ын арслан Гунгаагийн Намжилваанчиг зэрэг олон алдартан төрсөн бол аймагтаа тэмээн сүргийн тоогоор эхний тавд жагсдаг, хамгийн олон улсын аварга малчин тэмээчин төрсөн нутаг байна.


Түүхт 100 жилийн ойгоор зургаан нас болон эрлийз дунд настай хамт нийт долоон насны морь уралдаж хүчит 64 бөх барилдлаа. Үндэсний бөхийн барилдаанд Сайхандулаан сумын уугуул аймгийн заан Болдын Түвшинтулга түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн арслан Д.Түмэнжаргал үзүүрлэв. 


Түүхт 100 жилийн ойгоо угтаж сумын ЗДТГ-аас баяр наадмын талбайгаа шинэчилсэн, алтан соёмбот гэрэлт цамхаг,  гудамж талбайн гэрэлтүүлгийг шинэчлэх зэрэг олон бүтээн байгуулалтыг хийсэн байна.




Related news