БАЯНХОНГОР: 100 жилийн түүхт Жинст сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-19 07:57:52

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Жинст сум 1923 оны 11 дүгээр сард Засгийн газрын шийдвэрээр аймаг, хошуудыг үе улиран захирч байсан ноёдын хэргэм цолоор нэрлэж байсныг өөрчилж тус тусын газар орны уул усны нэрээр нэрлэх болсноор 1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Баянзүрх уулын хошуунд байгуулсан 10 сумын нэг болж Тариат сумаар гарал үүслээ эхэлжээ.


Улмаар 1925 онд Тариат сум нь одоогийн Баянговь сумын баруун талын нутаг Гүн, Нарийнаар нэрлэгдсэн Гүн сум хоёрыг нэгтгэж Паламдорж даргатай Тариат сум, Сартах уулаар нэрлэгдсэн Сартах сум, Жинст сумын хойд талд орших Сар уулаар нэрлэгдсэн Сар сум хоёрыг нэгтгэж Г.Гэндэндорж даргатай Сар сум болсон байна.

1930 оны тавдугаар сард одоогийн Жинст сумын нутагт зохион байгуулан оршиж байсан Тариат, Сар, Хөвших сумыг орон нутгийн Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр нэгтгэж Баянзүрх уулын хошуудын Нарийн хар сум нэртэй болж, 1931 онд Өвөрхангай аймагт харъяалагдах болжээ. Харин 1933 онд яамнаас сумдын тамга тэмдгийг шилжүүлэхэд Өвөрхангай аймгийн Нарийн хар сумыг Жинст сум нэртэй болгосон аж. Тийнхүү явсаар 1941 онд Говьбөмбөгөр аймаг /одоогийн Баянхонгор/ байгуулахад Өвөрхангай аймгаас нутгийн харьяаллаар шилжиж ирсэн таван сумын нэг нь Жинст юм.


БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар Жинст сумыг татан буулгаж, Богд сумтай нийлүүлсэн бөгөөд 1, 2, 3 дугаар багийг Богд суманд 5, 6 дугаар багийнхан “Бүтээлч” нэгдлийн хамт Өлзийт суманд шилжиж байв. 1959 онд олон түмний саналаар Жинст сумыг дахин байгуулахад 403 өрх 1305 хүн амтай, 81621 толгой малтай сум болжээ.

Жинст сум нь 1924 оноос хойш Тариат, Нарийн хар, Бодид 1944 он хүртэл, Хүйсийн голд 1944-1957 онд, 1957 оноос эргэж Бодийн дэнжид суурьшсан байна. Их Богд уулын зүүн хойд хэсэгт Түйн голын хөвөөнд оршдог.


Жинст сум Улаанбаатар хотоос баруун урагш 780 км зайтай, Баянхонгор аймгийн төвөөс зүүн урагш 100 км зайд оршдог. Зүүн ба хойд талаараа Өлзийт, зүүн талаараа Богд, урд талаараа Баянговь, баруун өмнө талаараа Баянцагаан, баруун ба баруун хойд талаараа Баацагаан, Баян-Овоо сумтай тус тус хиллэнэ. Нутгийн хамгийн өндөр цэг Их Богд уул 3957 м, хамгийн нам дор цэг Хөнөгийн ширгийн худаг 1246 м-т оршино.


Жинст сум нь говь-хангай хосолсон өвөрмөц онцлогтой, хойд ба зүүн хэсэг нь талархаг бөгөөд Түйн гол урсан өнгөрдөг бол баруун өмнөд хэсэг нь уулархаг ба Говь-Алтайн нурууны салбар Их Богдын нуруу, Нарийн харын нуруу мөн хоорондох хотгор нууруудын хөндий зэрэгцэн оршдог онцлогтой. Их Богдын уулс нь зуны улиралд нам доороо халуу шатаж байхад бэлээс дээших бүсэд сэрүү татан үүл гаран хур бороо орж байдаг.


Ашигт малтмалын нөөц баялгаас чулуун нүүрс, зэс молибден, алт, мөн Хөнөг, Хүйс, Цагаан голын хужир давс, барилгын шавар элсний арвин нөөцтөй. Мөн Зостын хоолойн зос, Бодийн шанаа барилгын шавар, Нарийн харын сүүлийн шороон будгийн нөөцтэй, Болор чулуун илэрцүүд, ардын эмнэлэгт хэрэглэдэг жуваан, шөрмөсөн чулуу зэрэг ховор эрдсүүд байдаг. Газрын тосны хайгуул хийж байгаа. Орон нутгийн түгээмэл ашигт малтмал, элс хайрга тоосгоны шавар, зос, шороон будаг, хужир эрдсийн арвин нөөцтэй.


Related news