СЭЛЭНГЭ: Мандал сумын түүхт 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-20 18:54:52

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Хөдөлмөрч” гэсэн нэрийн хуудсаараа нутаг усныхаа нэрийг алдаршуулж яваа Монгол Улсын хамгийн олон хүн амтай, хамгийн том Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхт 100 жил ой энэ өдрүүдэд тохиож байна.


Үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний ногоо, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжлийн тулгуураа болгон хөгжүүлж байгаа Мандал сумаас Хөдөлмөрийн баатар 14, Төрийн соёрхолт 6, Сүхбаатарын одонт 2, Салбар салбарын гавьяатууд 48, Эрдэмтэд 33, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт 11, Цэргийн гавьяаны одонт 8, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 23, Монгол Улсын аварга 1, Олон улсын хэмжээний мастер 18, Спортын мастер 146 төрөн гарчээ.


Алдрын зам, амжилтын буухиагаа өргөжүүлэн тэлж яваа Мандал сумын 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож хуран цугласан олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Аймгийн дарга сум үүсэн байгуулагдсан архивын баримтыг Талархал, орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нэг зуун сая төгрөгийн батламжийн хамт Мандал нутгийнханд гардуулан өгч амжилт хүслээ.


Баярын хуралд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймаг, сумын удирдлагууд, Мандал сумтай ажил амьдрал нь холбоотой ахмад настнууд, зочид төлөөлөгчид оролцлоо.


Баярын энэ өдөр төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн зарим иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардууллаа.


Атар газар эзэмших их аяны гүүр болсон анхны САА-н нэг Зүүнхараа САА нь Богдхан уулын аймгийн Баатар вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум юм.

 

Тус сумынхан хүннү сүннүгийн түүхийн улбаат төрийн их тахилгат Ноён ууландаа сүсэглэж, үндэсний бөхийн аварга цолтныг төрөлх нутгаасаа өлгийдсөн, үндэсний брэнд үйлдвэрлэлээр нэрийн хуудсаа мөнхжүүлэн, хөдөлмөрч бүтээлч түмэн олноороо улс даяараа алдаршсан, олон арван алдар суутныг төрүүлсэн Алтан гадас одонт, “Улсын тэргүүний сум” юм.


 

Related news