ГОВЬ-АЛТАЙ: 16 сумын түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-07-24 13:49:01

Говь-Алтай, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 16 сумын түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 


Тодруулбал, долоодугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Алтай, Цээл, Бугат, Төгрөг, Тонхил, Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Бигэр сумын уугуул, суугуул нутгийн зон олон, ахан дүүс түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэсэн бол 23, 24-нд Хасагт хайрхнаа түшин суугаа Жаргалан нутгийнхан ойгоо тэмдэглэж байгаа юм. 


Харин тус аймгийн урд бүсийн Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Цогт сумын түүхт 100 жилийн ой долоодугаар сарын 25, 26-нд тохиосноор ийнхүү Говь-Алтай аймгийн сумдын ой шувтрах юм. 


Говь-Алтай аймаг нь ар халхын дөрвөн аймгийн нэг, Засагт хан аймгийн нэршил Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1923-1924 онд тэр үеийн аймаг хошуудын нэрийг газар усны нэрээр өөрчлөхөд Хантайшир уулын аймаг хэмээн нэрлэжээ.


Хантайшир уулын аймагт одоогийн Говь-Алтай аймгаас гадна, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Зүүнговь сум, Ховдын Зэрэг, Дарви сум, Баянхонгорын Байдрагаас баруун хойших Баацагаан, Бууцагаан, Баян-Өндөр, Шинэжинст зэрэг сум, мөн Завхан аймгийн олон сум харьяалагдаж байсныг түүхийн олон эх сурвалжид дурдсан байдаг.


1931 онд олон аймаг байгуулахад Алтай, 1934 оны эцсээр Завхан аймагтай нийлээд, дараа нь 1940 оны шинэчилсэн өөрчлөлтөөр одоогийн Говь-Алтай аймаг болж төвхнөсөн байна. Говвь-Алтай аймаг 18 сум, хоёр тосгонтой бөгөөд ийнхүү өнөө жил 16 нь 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Related news