СЭЛЭНГЭ: Зүүнбүрэн сумын 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-25 12:01:45

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

 

Атар газар эзэмших их аяны жигүүр болсон анхны сангийн аж ахуйн нэг Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум агаарын анхны баатрыг өлгийдсөн, аргамаг хурдан хүлгүүд, алдартай дуучдыг төрүүлсэн, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо үйлдвэрлэлийн үндсэн бааз суурь болон хөгжиж, олон алдартан гавьяатнуудыг төрүүлсэн өрнүүн их түүхтэй нутаг юм.  

 

Зүүнбүрэн сумын 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцож хуран цугласан олонд баярын мэндчилгээ дэвшүүлэн, сум үүсэн байгуулагдсан архивын баримтыг Талархал, орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нэг зуун сая төгрөгийн батламжийн хамт гардуулан өгч амжилт хүслээ.

 

Мөн баярын хуралд УИХ-ын гишүүн Д.Батбаяр, аймаг, сумын удирдлагууд, Зүүнбүрэн сумтай ажил амьдралаараа холбоотой ахмад настнууд оролцлоо. Баярын энэ өдөр төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ зориулсан зарим хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум Жаргалант, Бэлчир, Мангирт гэсэн 3 багтай. Нийт 920 өрхөд 2761 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 11-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог. Хүн амын нягтрал хамгийн өндөр 43.6 хүн/га, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Дархан-Уул аймгийн Орхон сумтай хиллэдэг.

 

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Зүүнбүрэн сум Сэлэнгэ аймгийн өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 332 км, аймгийн төвөөс 49 км зайд байрладаг. 

Related news