ДУНДГОВЬ: "Өлзийт сумын нэгэн зууны түүхэн өв ба шинэ зууны хөгжлийн гараа" эрдэм шинжилгээний хурал хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өлзийт сум нэгэн зууны түүхээ судалж, шинэ зууны хөгжлийн гараагаа хэлэлцэн баяр наадмынхаа өмнө “Дундговь аймгийн Өлзийт сумын нэгэн зууны түүхэн өв ба шинэ зууны хөгжлийн гараа” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Түүхэн ойгоо тэмдэглэж
ирсэн аймаг, сумдын хувьд өмнө нь ийнхүү өнгөрсөн ба ирээдүйгээ хэлэлцэн, эрдэм
шинжилгээний хурал хийж байгаагүй тул энэ нь тус аймгийн түүхэнд анхны
тохиолдол боллоо.
Эрдэм шинжилгээний хурал нь Өлзийт сумын хөгжлийн 100 жилийн түүхэн өв, эдийн засаг, нийгэм, урлаг соёл, байгаль орчин, ан амьтан, аялал жуулчлалын олон талт асуудал, шинэ зууны хөгжлийн боломжийг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлж, баримтжуулан үлдээх зорилготой юм.
Монгол Улсын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Мишигийн Чимэддорж “Төрж өссөн Өлзийт нутгаа бүрэн судлахуйн учир” сэдвийн дор үндсэн илтгэл танилцуулж, илтгэлдээ Өлзийт сумын үүсэл хөгжлийн тойм, байгаль орчин, домог түүх болсон онцлог газрууд, Өлзийтийн нутаг ус нь хүнээ харж тэтгэдэг тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол "Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүхэн нөхцөл, цаашдын зорилт” болон “Сумынхаа урлаг, соёлын түүхэн өвд тулгуурлан Өлзийт сум хөгжих боломж” гэсэн хоёр агуулгын хүрээнд тус сумаас гаралтай эрдэмтэн, доктор, профессорууд үндсэн 10 илтгэл тавин хэлэлцүүлжээ.
Нэгдүгээр агуулгын хүрээнд илтгэгчид сумын болон мал аж ахуй, боловсрол,
эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн
боломжийн талаар илтгэсэн бол хоёрдугаар агуулгын хүрээнд Дэл уулын соёлын өв,
тус сумын нутаг дахь археологийн дурсгалууд, урлаг, соёлын авъяас билигтнүүд газар
зүйн тархалттай холбогдох нь, Долгорын Нямаагийн уран бүтээлийн туурвил зүй, Н.Дагийранз
судлал Монголын соёлын өвийн нэг хэсэг болох нь сэдвүүдээр танилцуулсан юм.
Илтгэлийг ном болгон хэвлүүлсэн ба Өлзийт сумтай холбогдох бусад судалгаа шинжилгээний материалыг тус номын гурав дахь хэсэг болгон оруулжээ.
“Өлзийт сумын нэгэн зууны түүхэн өв ба шинэ зууны хөгжлийн гараа” эрдэм
шинжилгээний хурлын талаар УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн
гишүүн, доктор, профессор Ланганы Отгонтуяагаас тодруулахад, “Төрж өссөн Өлзийт
сумынхаа 100 жилийн ойд зориулсан “Дундговь аймгийн Өлзийт сумын нэгэн зууны
түүхэн өв ба шинэ зууны хөгжлийн гараа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар манай
сумын баяр наадмын ажиллагаа эхэлсэн.
Хуралд Монгол Улсын 4 гавьяат, 5 доктор, 3 профессор, 2 дэд
профессор, 2 клиникийн профессор, 4 магистр оролцож, эрдэм шинжилгээний илтгэлээ
танилцууллаа.
Илтгэлийн эмхэтгэлд нийт 27 эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний
ажилтан, салбар, байгууллагын мэргэшсэн мэргэжилтэн, зохиолч, уран бүтээлчдийн
18 бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж, төрөлх сумынхаа нэгэн зууны түүхэн өв, баримт
болгон баталгаажууллаа.
Ирэх зуунд Дэл уул, Цагаан суварга дэлхийд гарч, Дундговь аймгийн Өлзийт
сум дэлхийн “Палеонтологийн олдворт суурилсан судалгаа, аялал жуулчлалын төв”
болж хөгжих боломж бүрдээд байна гэж үзэж байна.
Өлзийт сумын 100 жилийн ойд зориулсан “Дундговь аймгийн Өлзийт сумын нэгэн зууны түүхэн өв ба шинэ зууны хөгжлийн гараа” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг эмхэтгэсэн номыг миний аав Ажингийн Ланган, ээж Баламын Цэвэл нарын үр хүүхдүүд, ач, зээ нарын сэтгэлийн хандиваар хэвлүүлж, нутгийнхаа 100 жилийн ойд бэлэг барьсан” гэлээ.