Гадаад улсын нэр дээр медаль хүртсэн тамирчинд байр бэлэглэснийг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны наймдугаар сарын
22 /РИА Новости/. Грекийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Парисын
Олимпоос хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн тамирчин Даурен Куруглиевт Дагестаны
Дербент хотын захиргаанаас байр бэлэглэсэн тухай Дагестаны Бөхийн холбооны
цахим хуудсанд мэдээлжээ.
Мягмар гарагт хотын удирдлага Куруглиев
болон түүний дасгалжуулагчийг хүлээн авч уулзахдаа Дербент хотод барьж буй нэг өрөө шинэ байрны эрхийн бичгийг гардуулан
өгсөн байна. Хариуд нь Куруглиев дараагийн удаад Олимпын алтан медаль
аваад төрөлх хотдоо ирнэ гэдгээ амлажээ.
Харин өөр улсын нэр дээр барилдсан
бөхөд орон сууц бэлэглэсэн нь “Нэгдмэл Орос” намаас Төрийн Думд сонгогдсон
депутат Виталий Милоновын гайхшралыг төрүүлсэн байна. Түүний хэлснээр, энэ бол “эрүүл бус, эргэлзээ төрүүлсэн
асуудал” ажээ.
“Эх орноосоо татгалзаж, төрийн
далбааг нь өмсгөлөөсөө хуулж авсан тамирчинд төрийн албан тушаалтан байр
бэлэглэж байгаа нь хачирхалтай харагдаж байна. Оросын иргэдийн ихэнх нь үүнийг
хараад наад зах нь гайхширч байгаа” хэмээн Милонов Телеграм хуудсандаа бичжээ.
Өдгөө 32 настай, чөлөөт бөхийн
тамирчин Куруглиев 2023 оны 4 дүгээр сард Оросын иргэншлээ сольж, Грекийн
нэрийн өмнөөс барилдах болсон юм. Өмнө нь тэрбээр Оросын багийн бүрэлдэхүүнд
2017 онд Европын аварга болсны зэрэгцээ Дэлхийн цомд хоёр удаа түрүүлжээ.
Ташрамд дурдахад, Оросын бөхчүүд
чөлөөт бөх, сонгомол барилдаан, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлүүдэд нийт 16 Олимпын
эрх авсан юм. Гэвч Олон улсын Олимпын хорооноос зөвхөн 10 тамирчныг бие даасан
статустайгаар Олимпод оролцохыг зөвшөөрсөн бөгөөд Токиогийн Олимпын аваргууд
болох Абдулрашид Садулаев, Заур Угуев, Заурбек Сидаков, Муса Евлоев нарыг тэмцээнээс
хасчээ. Үүнээс үүдэн Оросын бөхчүүд Олимпод оролцохоос татгалзсан байна.