Гар бөмбөгийн баг тамирчид багийн спортыг дэмжих хөтөлбөрт хамрагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. МҮОХ нь ОУОХ-ны жэндэрийн бодлогын дагуу Волейболын холбооны эрэгтэй, эмэгтэй багийг 2022-2024 онд “Багийн спортыг дэмжих хөтөлбөр”-т хамруулж, 100 мянган ам.долларын санхүүжилт авсан билээ.
Хөтөлбөрийн хүрээнд эрэгтэй баг Бүгд найрамдах Киргиз улсын
Чолпо-Ата хотноо болсон “Challenge Cup 2022”-д багаараа оролцож, 2 тамирчин
Тайланд, Узбекистан улсын Үндэсний дээд лигт, мөн 2 тамирчин БНСУ-ын оюутны
лигт легионер тамирчнаар урилгаар тоглож спортын хөгжилд хувь нэмрээ оруулсан юм.
Мөн эмэгтэй, эрэгтэй шигшээ багийн тамирчдыг Вьетнам улсын Ханой хотноо болсон “2023 оны
Азийн эмэгтэйчүүдийн клубуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн”, “Азийн волейболын холбооны
эрэгтэйчүүдийн чэллэнжер тэмцээн”-д оролцуулахад дэмжлэг үзүүлжээ. Дөрвөн тутам нэг удаа Азийн олимпын зөвлөлийн ивээл дор
зохион байгуулдаг “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох шигшээ баг тамирчдын замын зардал, байр, хоолны төлбөрийг
хөтөлбөрийн хүрээнд хариуцжээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх
зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, П.Буяндэлгэр, Ерөнхий нарийн бичгийн дарга
Э.Бадар-Ууган нар Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд болон
төлөөлөл тамирчдыг хүлээн авч уулзан, Эв санааны нэгдлээс төлбөр тооцооны үлдэгдэл 28,282 ам.долларыг
Монголын волейболын холбоонд хүлээлгэн өгөв.
Уулзалтаар ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг
МҮОХ-ноос багийн спортыг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид волейболын
спортын хөгжил, тамирчдын ур чадвар улам сайжирч Азийн наадам, Олимпын наадамд
эрхээ авч оролцох түвшинд хөгжинө гэж найдаж байна хэмээн амжилт хүсжээ.
Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн
“Багийн спортыг дэмжих хөтөлбөр” нь олимпын наадмын хөтөлбөрт ордог багийн
спортын төрлөөр хичээллэж буй, олон улс, тивийн хэмжээнд өрсөлдөж буй тухайн улсын үндэсний шигшээ эрэгтэй,
эмэгтэй багийг тив болон Олимпын
наадамд эрх авч оролцоход дэмжлэг
үзүүлэхээр хэрэгжүүлдэг
хөтөлбөр аж.