СЭЛЭНГЭ: Аймгийн бүх цэцэрлэгт эстэм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны есдүгээр 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17
сумын 17 цэцэрлэгт эстэм хөтөлбөрийг
хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан,
инженерчлэл, математик, технологи, сэтгэлгээ-гоо зүйн мэдлэг, ур чадварыг
хөгжүүлэх шинэ тоглоомыг бүх цэцэрлэгийн эрхлэгч
нарт өчигдөр аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар гардуулан өглөө.
Энэхүү хөтөлбөрийг хувийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын I, Мандал
сумын III цэцэрлэгт хэрэгжүүлсэн нь хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн
авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлжээ.
Иймээс уг хөтөлбөрийг аймгийн хэмжээнд
цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэхээр боллоо.
Цэцэрлэг тус бүрд олгосон эстэм киндэр тоглоомын багцад 101 нэр төрлийн тоглоомууд, багш, сурагчийн дэвтэр, эцэг эхийн үнэлгээний хуудас гэх мэт тусгайлсан хөтөлбөрөөр хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндэд хор нөлөөгүй, орчин үеийн дэвшилтэт сургалтын хэрэглэгдэхүүнүүд багтаж байгаа юм.
Бодит байдал дээр эстэм сургалт нь ирээдүйд
чиглэсэн бөгөөд суралцагчдад шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн
мэдлэг эзэмшиж,
бүтээлийг илүү дээр болгон өөрчлөх чадамжийг олгодог
байна.
Тиймээс эстэм буюу “шимт+”
сургалтын хөтөлбөр
нь Монгол Улсын боловсролын шинэчлэлийн үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах үр
дүнтэй арга юм.
Энэхүү сургалтад хамрагдсан хүүхдүүдийн шинжлэх ухааны хичээлийн амжилт
эрс өсч, багаар ажиллах болон бүтээлч чадвар, логик, техник сэтгэлгээ нэмэгдэн,
багшийн ажлын үр дүн сайжирч, хамтран ажиллах байдал, сурагчдаа ойлгож таних
чадвар, заах арга зүй дээшилдэг давуу талтай гэдэг нь судалгаагаар батлагдсан байна.