Л.Суарес улсынхаа шигшээд сүүлчийн удаа тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны есдүгээр сарын 3 /sport-express.ru/. Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Майами” багийн довтлогч Луис Суарес Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд сүүлчийн удаа тоглох гэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр баасан гарагт болох 2026 оны
ДАШТ-ний урьдчилан шалгаруулах шатны
Парагвай улсын шигшээ багтай хийх тоглолтод оролцсоноор шигшээ багийн тамирчны
замналаа дуусгах ажээ. Энэ тухай Уругвайн хөл бөмбөгийн холбооны Инстаграмм
хуудсанд бичсэн байна.
“Миний хувьд үүнийг дуулгахад хэцүү
байна, гэхдээ энэ бол улсынхаа шигшээ багт хийх миний сүүлчийн тоглолт байх
болно. Би энэ талаар сайтар бодож тунгаасан, одоо шийдвэр гаргахад хамгийн
тохиромжтой цаг хугацаа хэдийнэ иржээ. Анх 2007 онд тоглож байсан шигээ эрч
хүчтэйгээр, 19 настай байсан үе шигээ хүсэл эрмэлзэлтэйгээр би тоглох болно.
Одоо би 37 настай, дараагийн ДАШТ-нд оролцоно гэхэд маш хэцүү. Би өөрөө явж байна,
энэ нь гэмтэл бэртлээс
болоогүй ээ, намайг шигшээд дуудахаа больсонтой холбоогүй шүү” гэж Суарес хэвлэлийн
хурлын үеэр ярьсныг Испанийн Marca сонин эш татжээ.
Өдгөө 37 настай Л.Суарес Уругвайн шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч
бөгөөд 142 тоглолтод оролцохдоо 69 гоол оруулсан байна. Тэрбээр Уругвайн багийн бүрэлдэхүүнд
2010 оны ДАШТ-ний хүрэл медаль хүртсэнээс гадна 2011 оны Америкийн цомын
тэмцээнд аваргалж, 2024 онд хүрэл медаль хүртэж байв.
Л.Суарес шигшээ багийн бүрэлдэхүүнд 142 удаагийн тоглолтод оролцсон нь Диего
Годины /159/ дараа орох үзүүлэлт юм.