А.Овечкин 853 шайб оруулаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-20 17:36:41

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 20 /РИА Новости/.  Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг буюу NHL-ийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин хэлэхдээ “миний хувьд жил ирэх тусам шайб оруулах нь улам хэцүү болж байгаа боловч багтаа туслах хүч чадал надад бий” гэлээ.  


Удахгүй эхлэх 2024/2025 оны улирал нь Овечкиний хувьд 20 дахь улирал бөгөөд тэрбээр ҮХЛ дэх тамирчны бүхий л замналын турш зөвхөн “Вашингтон Кэпиталз” багт тоглож байгаа юм. Түүний багтайгаа байгуулсан гэрээ 2025/2026 оны улирлын сүүлчээр дуусгавар болно.  


“Надад дахиад нөөц хүч бий. Гэхдээ жил ирэх тусам шайб оруулахад улам бүр хэцүү болж байна. Багууд өөр өөр маягаар, хаалгачид өөр өөр маягаар тоглодог болжээ. Гоол оруулах, тоглолтонд хожихын тулд бид хичээсээр байна” гэж Овечкин ярьсныг ҮХЛ-ийн цахим хуудсанд нийтэлжээ.


Өдгөө 38 настай Оросын хоккейчин А.Овечкин тус лигийн түүхэн дэх шилдэг довтлогчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 853 шайб оруулаад байна. Харин Канадын нэрт хоккейчин Уэйн Гретцки 1487 тоглолтонд 894 шайб оруулж, лигийн дээд амжилтыг тогтоосон нь одоогоор эвдэгдээгүй байгаа юм.


Вашингтончууд шинэ улирлын анхны тоглолтоо 10 дугаар сарын 13-ны шөнө “Нью-Жерси Девилз” багтай өөрийн талбайд хийнэ.   

Related news