Орос хэл, соёлын өдрүүдийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-15 18:00:07

Оросын Шинжлэх ухааны соёлын төв, Эрдэнэт хот дахь ОХУ-ын Консулын газар, ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар хамтран зохион байгуулж буй Орос хэл, соёлын өдрүүд Хөвсгөл аймагт нээлтээ хийв.

Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтран ажиллах тал дээр санал солицох, Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой өдөрлөгийн нээлтэнд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Монгол улсад суугаа ЭСЯ-ы зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгиевич Михайлов, Эрдэнэт хот дахь ОХУ-ын Консулын газрын дэд консул Ольга Шалимова, ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбарын багш Сергей Ильич Зандаков болон орон нутгийн холбогдох хүмүүс Д.Цогтоо захиралтай Эрдмийн далай цогцолбор сургуулийн хамт олон оролцлоо. Энэ үеэр Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг талууд онцолж байлаа. Мөн зочдод Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагчид бэлтгэсэн орос дуу, хуурын дээжээс өргөн барьж байлаа. Соёлын өдрүүд 2 өдөр үргэлжлэнэ.

Б.Гантуяа 

Related news