Дэлхийн хамгийн нүсэр цэнгэлдэх хүрээлэнг нураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-25 11:19:37

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 25 /РИА Новости/ Дэлхий дээрх хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг болох Малайзын хөл бөмбөгийн “Шах-Алам” цэнгэлдэх хүрээлэнг өчигдөр тэсрэх бодисын тусламжтайгаар нураасан байна. Нурааж буйг харуулсан дүрс бичлэгийг Х нийгмийн сүлжээн дэх Manytops Stadiums хуудсанд нийтэлжээ.   


80 мянган үзэгчийн суудалтай уг стадионыг 30 жилийн өмнө 1994 онд барьсан бөгөөд олон удаа шинэчлэн засварлахаар оролдсон боловч үр дүнд хүрээгүй тул 2020 онд нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.  


Нүсэр том байгууламжийг буулгах бэлтгэл ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд 2025 оны дунд үе гэхэд “Шах-Алам”-ыг бүрэн буулгаж дуусах ажээ.


Энэ цэнгэлдэх хүрээлэн бол хөл бөмбөгийн “Селангор” баг Малайзын үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалт, тоглолтоо хийдэг талбай юм. Уг байгууламжид 1997 оны хөл бөмбөгийн өсвөрийн ДАШТ, 2007 оны Азийн цомын тэмцээний тоглолтууд болж байв.


Дэлбэлэн нураасан цэнгэлдэх хүрээлэнгийн газар дээр 45 мянган хүний багтаамжтай шинэ стадион барихаар төлөвлөжээ.     

Related news