СЭЛЭНГЭ: “Ногоон гэрэл- Цагаан шугам” нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хэмжээнд зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” үйл ажиллагааны
нээлт өнөөдөр боллоо.
Нээлтэд
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Бат-Орхон оролцож
үг хэллээ.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхан унадаг дугуй, скүүтэр зэрэг дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож үүнээс шалтгаалсан гэмтэл, ослын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх
чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж уг ажилд эцэг эх, иргэдийн
оролцоог нэмэгдүүлэн тэдэнд ойлголт мэдээлэл өгөх нь ихээхэн чухал байна.
Улсын
хэмжээнд “Ногоон гэрэл- цагаан шугам” үйл ажиллагааг 2024 онд нэгдсэн байдлаар
зохион байгуулж, эцэг эхчүүдийг хамруулан оролцоог нь нэмэгдүүлж байгаа нь зам
тээврийн осол зөрчлийг бууруулах давуу талтай” хэмээв.
"Ногоон
гэрэл-цагаан шугам 2024” үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1-12
дугаар ангийн сурагчдаас гадна тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан
дэмжигчдийг татан оролцуулах юм.
Тэмцээнийг
5 төрлөөр зохион байгуулж, тэмцээн тус бүрээр шалгаруулан байр эзлүүлж,
шалгарсан бүтээлийг улсад явуулахаар болсон нь өмнөх жилүүдээс онцлогтой юм.
Тэмцээнийг 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд
улсын хэмжээнд зохион байгуулна.
Энэхүү тэмцээнийг
Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлөөс зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхдийг
бага наснаас нь замын хөдөлгөөний дүрэмд сургах, замын хөдөлгөөнд оролцох зөв
дадалтай болгох зорилгоор аймгийн Цагдаагийн газар болон холбогдох
байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.