ГОВЬ-АЛТАЙ: Соёлын үнэт өв соёлоо сурталчлан дэлгэрүүлэхээр үндэсний хувцсаараа гоёлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Анхдугаар үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, үндэсний бахархал, соёлын үнэт өв соёлоо сурталчлан дэлгэрүүлэхээр 11 дүгээр сарын 25-нд Алтайнхан үндэсний хувцсаараа гоёж байна.
Энэ өдрийг угтан Говь-Алтай аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Дашпунцагаар ахлуулсан анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойг зохион байгуулах ажлын багаас хуулийн хүрээнд хүүхэд багачууд, иргэд, олон нийтийг хамруулсан ажлуудыг зохион байгуулж байна.
Тодруулбал, 11 дүгээр сарын 25-ны өдөр бүх нийтээрээ үндэсний хувцсаа өмсөж соёлын үнэт өвөө сурталчлах аяныг өрнүүлж байгаа. Энэ өдрийн үйл ажиллагаа Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг анхдугаар үндсэн хууль батлагдсан түүхтэй холбоотой хичээлээр эхэлж, үндсэн хууль батлагдсаны түүхт ойн баярын хурлаар үргэлжиллээ.
Баярын хурлын эхэнд Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш н.Эрдэнэсүрэн Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн үйл явдлыг эргэн сануулж холбогдох мэдээллийг өгсөн юм. Мөн үеэр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, Засаг дарга Г.Чинбат нар эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулав.
Түүхт өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний бөхийн барилдаанаар үйл ажиллагаа өндөрлөх юм.