ДУНДГОВЬ: 16 нас хүрсэн суралцагчид иргэний андгай өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий
сайдын ивээл дор 22 дахь жилдээ зохион байгуулж буй “Иргэний андгай өргөх
ёслол”-ын үйл ажиллагааг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын
Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран 11 дүгээр сарын 25-нд зохион
байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь
өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг
хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч, Монгол
Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн,
иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.
Иргэний андгай өргөх
ёслолд Сайнцагаан сумын 5 сургуулийн 40 суралцагч оролцож, “Иргэний андгай”
өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авчээ.
Иргэний үнэмлэх батламжийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, аймгийн Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар гардуулан өгөв.