ӨМНӨГОВЬ: Ингэ хөөслөх зан үйл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-25 22:16:32

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт зан үйлийн нэг бол ингэнд ботго авхуулах үйл бөгөөд уриа дуудлагын айд бүртгэгдсэн соёлын биет бус өв юм.


Говийн зон олон найрсаг, зочломтгой зантай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, тэвчээртэй, мал дагасан соёлоо ихэд дээдэлдэг ёс заншилтай.


Ингэ хоёр жилд нэг удаа төллөх бөгөөд ботгоо голох тохиолдол их элбэг. Ботгоо голсон ингэ ботгоо биедээ ойртуулахгүй, хөхүүлэхгүй, өвс идэж, ус уухгүй, ижил сүрэгтэйгээ нийлэхгүй алсыг харан зогсож үе үе буйлдаг.

 

Тиймээс эзэн хүн малын хөл хөдөлгөөн тасарч дуу чимээ багассан нам гүмхэн үед эх, ботго хоёрыг ойртуулан хөөсний дууг цээл сайхан хоолойгоор уянгалуулан дуулж дэргэд нь морин хуурын аялгууг тоглох ба бөхөнд нь морин хуурыг өлгөдөг.  Харин хаврын салхинд морин хуур хүнгэнэн дуугарах дууг сонссоор уярсан ингэ ботгоо үнэрлэн нүднээс нь том том нулимс унаж, гунганан ивлэж хөхүүлж эхэлдэг билээ.

 

Дуу хуур, лимбэний эгшигтэй хослуулан хөөсөлж, ингэ, ботгыг ийнхүү эвлүүлэн авхуулдаг өвөрмөц арга монгол тэр дундаа говь нутгаас өөр хаана ч байхгүй өв юм.

 

Ингэ хөөсөлдөг цөөн тооны өв тээгчид бий бөгөөд цаашид хойч үедээ уламжлуулан үлдээхэд онцгой анхаарч байна.


ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд ингэ хөөслөх зан үйлийг 2015 онд бүртгэжээ.

 

Related news