“Дакар Ралли” уралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Авто машины олимп гэгдэх алдарт “Дакар Ралли” уралдаан Саудын Арабын Биша хотод нээлтээ хийж байна.
1977 оноос эхлэлтэй уг уралдаан 14 хоногийн турш Саудын Арабын газар нутаг дахь элсэн цөлд болох бөгөөд манай улсаас олон улсын хэмжээний мастер П.Мөрөн мотоциклын төрөлд оролцох юм. 46 жилийн түүхтэй эл уралдаанд Монголын тамирчид 2013 оноос хойш амжилттай уралдсан байдаг. П.Мөрөнгийн хувьд мотоциклийн төрөлд уралдахаар болсон Монголын долоо дахь тамирчин болж байна. “Дакар Ралли”-гийн ээлжит уралдаанд оролцогчид Биша хотоос гараагаа эхлүүлж, 7500 км замыг туулснаар Шабибату хотод барианд орох юм.
“Дакар Ралли” тэмцээн нь дэлхийн хамгийн алдартай, хүнд хэцүү авто-мото спортын уралдаан гэдгээрээ онцлогтой. Анх 1977 онд Тьерри Сабин гэх франц эр Сахарын цөлд төөрч, гайхалтай адал явдлыг мэдэрснээс үүдэн энэ тэмцээнийг санаачилсан юм.
Улмаар анхны уралдаан Францын Парис хотоос Сенегалын Дакар хот хүртэл явагдаж дэлхийн хамгийн урт, хамгийн хүнд хэцүү авто-мото спортын тэмцээн хэмээгдсээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчдыг жил бүр цуглуулж, тэсвэр тэвчээрийн шандсыг сорьдог билээ.