ОУСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Матью Ле Бланыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-21 17:41:02

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн банк группын гишүүн, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Матью Ле Блан томилогдсоныг тус байгууллагаас мэдээллээ.


Ноён Ле Блан нь ОУСК-ын Монгол дахь хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг зорилтууд болон Дэлхийн банк группын Монгол Улс дахь стратегийн чиглэлүүдийн дагуу ажиллах юм. Тэрбээр Төв Европ, Кавказын бүс нутаг, Төв Ази ба Монгол Улсад хувийн хэвшлийн хөгжил, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд 25 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд ОУСК дахь ажлын замналаа эхлэхээсээ өмнө Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллан, нарны эрчим хүчний халаалт, эрчим хүчний үр ашгийн төсөл санаачилгуудыг удирдаж байв.

  

“ОУСК нь Монгол Улсын хөгжилд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг болох дэвшилтэт шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байгууллага. Миний хувьд Монголын иргэдийн амьдралд эерэг үр нөлөөтэй төслүүд дээр төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах завшаан тохиож байгаад ихээхэн баяртай байна” хэмээн ноён Ле Блан онцоллоо. ОУСК нь 1997 оноос хойш Монгол Улсад тогтвортой уул уурхай, банк санхүү, аялал жуулчлал, үйлчилгээ, мөн бичил, жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн чиглэлээр нийт таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү зэрэг чухал салбарууд дахь хувийн хэвшлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудад үзүүлж буй зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.


Ноён Ле Блан нь 2001-2017 оны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банканд ажиллахдаа 2013-2017 онд тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн албан тушаалыг хашиж байв. Улмаар Монголын хамгийн том салхин станцыг бүтээсэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан бөгөөд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Суурин төлөөлөгчөөр томилогдох хүртлээ НҮБ-ын Төслийн үйлчилгээний албанд Төв Ази хариуцсан Түншлэлийн ахлах зөвлөхөөр ажиллаж байв. Ноён Ле Блан нь Парисын Sciences-Po Их сургуулийг эдийн засаг, төрийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр төгссөн.


Уг корпорац нь Дэлхийн банк группын гишүүн байгууллага бөгөөд хөгжиж буй зах зээлүүдэд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн хөгжиж буй 100 гаруй улс оронд шинэ зах зээл, шинэ боломжуудыг бий болгох зорилгоор өөрийн хөрөнгө мөнгө, мэдлэг туршлага, нөлөөллөө дайчлан ажиллаж байна. 2024 оны санхүүгийн жилд ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компани, санхүүгийн байгууллагуудад нийт 56 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, ядуурлаас ангид, амьдрахад таатай дэлхий ертөнцийг бий болгох үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан билээ.

Related news