Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Швейцарын Лозанн хотод Олон улсын олимпын хорооны чуулган өнөөдөр эхэлнэ.
Тус чуулганд манай улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцох ажээ. Энэ удаагийн чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч долоон гишүүний мөрийн хөтөлбөр, танилцуулгыг хүлээн авах онцлогтой. Улмаар 2025 оны гуравдугаар сард Грекийн Афин хотноо болох 144 дүгээр чуулганаар Олимпын хөдөлгөөний дээд байгууллага ОУОХ-г 2025-2028 онд удирдах ерөнхийлөгчийн сонгууль болохоос гадна “Лос Анжелес 2028” зуны олимпын хөтөлбөрт боксын спортыг үлдээх эсэх зэрэг чухал асуудлыг шийдэх билээ.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж цаашид олон улсын спорт олимпизмын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцож, ОУОХ-ны чуулган, залуучуудын олимпын наадам зэрэг спортын салбарын томоохон үйл ажиллагааг эх орондоо зохион байгуулах талаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна.
Томас Бах ОУОХ-ны
ес дэх ерөнхийлөгчөөр 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд коронавируст цар
тахлын хүнд нөхцөл байдлын үед “Токио 2020”, “Бээжин 2022” наадмыг амжилттай удирдан чиглүүлснээс гадна
спорт олимпизмын үйл хэрэгт баримтлах стратеги төлөвлөгөөг амжилттай
хэрэгжүүлсэн Олимпын зүтгэлтэн билээ. Тэрбээр “Монреаль 1976” Олимпод
туялзуур сэлэмний багийн төрөлд алтан медаль хүртэж байсан юм.