АРХАНГАЙ: Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд энэ онд 2.4 тэрбум төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсын урт хугацааны
хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" болон дунд хугацааны хөгжлийн
бодлого “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны
үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд бүс нутагтаа суралцах, хөгжих, ая тухтай
амьдрах болон аялах орчныг бүрдүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг
сайжруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, төрийн үйлчилгээг
цахимжуулж, үр ашиг, хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэн, хүний эрхийг
дээдэлсэн, чадварлаг, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх нь энэ хөтөлбөрийн
зорилго.
Үйл ажиллагааны хөтөлбөр нь бүсчилсэн хөгжлийн, хүний хөгжлийн, эдийн засгийн, хүний эрхийг дээдэлсэн засаглалийн гэсэн дөрвөн бодлогын хүрээнд 57 төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн /зорилт/-г тодорхойлжээ.
Мөн Засаг даргын нэгдүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар дээрх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 378 ажил, арга хэмжээтэйгээр баталсан байна.
Үйл ажиллагааны хөтөлбөрийг
дөрвөн жилийн хугацаанд шат дараатай хэрэгжүүлэх бөгөөд 2025 онд хөтөлбөр
хэрэгжүүлэхэд зориулж 2.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.