Орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлэхийн тулд иргэдийн саналд тулгуурлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдад ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудаас танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдээс сонслоо.
Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор тогтолцооны
өөрчлөлтийн үр дүнд байгуулсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчныг
XXI зууны үзэл баримтлалд нийцүүлэн, төр бус хүн төвтэй байх шинэчлэлийг
эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Тэрбээр нийгмийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн шинэ тутам үүсэж буй харилцааг
иж бүрэн зохицуулах чадамжтай, ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хангаж,
хамгаалсан хуулийг батлах нь энэ парламентын тэргүүн зорилт байх болно гэлээ.
Түүнчлэн УИХ-ын дарга баруун бүсийн хөгжлийн цогц бодлогоос танилцуулж, авто
замын сүлжээ, эрчим хүчний хөрөнгө оруулалт, аймаг орон нутгийн онцлох аж
үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлд анхаарч ажиллахаа онцлов. Газар зүйн байршил,
уламжлалт аж ахуй, онцлох өрхийн үйлдвэрлэл зэрэгт тулгуурлан бүс нутгийнхаа
зорилтот хэрэгцээг хангах олон талт боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн бий
болгож байгааг онцлох жишээгээр танилцуулав.
Алсалсан зарим
суманд хоршооны тухай хуулийн
ойлголт, “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээл олголт болон эргэн төлөлтийн талаар
мэдээлэл хангалтгүй байгаагаас улбаалж малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн
засгийн эргэлтэд оруулах боломжоо ашиглаж чадахгүй байгааг иргэд уламжилж байлаа.
Сонгино сумын иргэд сартуул түмний шүтээн уул Сонгино хайрханы орчимд хайгуулын
лиценз олгосныг олон жилийн турш эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Дархан
цаазат амьтадтай, нутгийн 20 гаруй айлын өвөлжөөтэй, түүхт хайрханыг хамгаалж,
лицензийг цуцлуулж өгөхийг УИХ-ын даргад албан бичгээр дамжуулсан юм.
Нутгийн иргэд
сумын хөгжлийг уул уурхайд бус газар тариалан, мал аж ахуйд тулгуурлан урагшлах
учиртай гэдэгт санал нэгдээд, өвс тэжээл тариалалтыг дэмжиж, бэлчээрийн
доройтлыг бууруулах арга хэмжээ авахыг хүслээ. Орон нутгийн иргэдээс нийтлэг
дэвшүүлж буй банкны тогтолцооны өөрчлөлттэй холбоотой саналуудыг Сонгино
сумынхан ч уламжлав.
Арилжааны банкны
зээлийн хүүг өндөр төдийгүй зээлдэгчийн эрх ашигт огт нийцэхгүй байгааг
уламжлахын сацуу хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголт мэдээлэл хөдөө
орон нутагт хомс байгааг хэлж байв. Сумын төвийн сургуулийн 100 хүүхдийн дотуур
байрны зураг төсөл батлагдаад хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа талаар болон
цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг
хөндлөө.
Түдэвтэй сумын
иргэдийн хувьд ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгохоос өмнө ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлж,
“Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагдах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүний тулд сумандаа
усалгаатай системийг сэргээж, тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлэх ёстойг ч
хэллээ. Сонгино, Түдэвтэй сумын нутагт үүрэн телефоны сүлжээ муу тул дахин
дамжуулах станц шаардлагатайг орон нутгийн иргэд зонхилон уламжилж байв.
Түүнчлэн Ахмад насны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль
зэрэг малчдад чиглэсэн зарим хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд УИХ-ын
гишүүдээс асуулт асууж, саналаа хэлцгээв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.