СҮХБААТАР: Эрдэнэмандал хийдээс цаг тооны бичиг эрхлэн гаргаад 20 жил болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-02-26 11:36:03

Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс эрхлэн гаргадаг Төгс буянт шинэ зурхайн ёсны цаг тооны бичгийн 20 жилийн ой тохиож байна.

 

1700-гаад оны дунд үеэс Эрдэнэмандал хийдийн зурхайч, лам хуврагууд тухайн орон нутгийн газар зүйн онцлогт тохируулсан цаг улирлын тооны бичгийг гаргаж түмэн олонд түгээдэг байжээ. Энэхүү уламжлалыг 2005 он буюу XVII жарны модон тахиа жилээс дахин сэргээж цаг тооны бичгийг гаргаснаас хойш 20 жил өнгөрчээ.

 

Энэ хүрээнд цаг тооны бичгийн 20 жилд зориулсан сүсэгтний өдөрлөгийг Эрдэнэмандал хийдээс зохион байуулж, мөн энэ үеэр XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн цаг тооны бичиг хэдийн хэвлэгдэн нийтийн хэрэгцээнд гарсныг онцлон танилцуулав.

 

20 жилийн турш хүний хэрэгцээг хангаж, ажил амьдралаа төлөвлөн зохицуулан нийцүүлж, зөв үйлийг бүтээж, мал сүргээ адгуулж, тэнгэр хангайгаа шинжиж зам мөрөө тааруулж, мөнх тэнгэрийн ивээл, од мичдийн тохиолд харших үгүйгээр энх мөнх амьдарч ирэхэд нь нутаг усны зон олондоо ач тусаа өгч ирсэн цаг тооны энэхүү бичгийг зурхайч, лам хуврагуудаас бүрдсэн цомхон баг бүтээсэн гэдгийг Эрдэнэмандал хийдийн тэргүнн хамба лам Н.Цамбанүрдэв онцоллоо.


Өдөрлөгийг Сүхбаатар аймгийн БШТ Эрдэнэмандал хийд, Сүхбаатар аймгийн Шуудан үйлчилгээний газартай хамтран Баруун-Урт, Сүхбаатар суманд зохион байгуулжээ.









 

Related news