Архигүй хамт олон болох аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-26 22:23:08
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд албан байгууллагууд алба хаагч ажилтнуудынхаа дунд “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” архины эсрэг аяныг зохион байгуулж байна.

Төв аймгийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар согтуугаар үйлдсэн 493 гэмт хэрэг бүртгэгдэснээс 126 буюу 25.5 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өссөн байна. Түүнчлэн энэ оны эхний 8 сарын байдлаар 607 хүн эрүүлжүүлэгдсэн бөгөөд архидан согтуурсны улмаас 28 хүн амь насаараа хохирчээ. Аймгийн хэмжээнд Цагдаагийн газрын архины хяналтанд байдаг 128 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 30 хүнээр нэмэгдсэн байгааг судалгаанаас дүнгээс харагдаж байна.

Тиймээс архидалтын эсрэг Төв аймгийн хүрээнд Цагдаагийн газар болон Эрүүл мэндийн газар мөн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар хамтран өнгөрсөн сарын 15-наас эхлэн “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” гурван сарын аяныг зохион байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 257 ажилтантай Төв Чандмань ДЭХГ-аас архигүй хамт олон болох зорилт тавин ажиллаж байгаа талаар зохион байгуулагчид онцолсон юм.

Мөн уг аяны хүрээнд Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад, Ланс багийн 18 иргэн, Нацагдорж багийн 20 гаруй иргэн мөн ДЭХГ-ын 40 гаруй албан хаагч, МСҮТөвийн 45 оюутнуудад мэдлэг хандлагыг өөрчлөх, архидалтгүй аж төрөх зан үйлийг хэвшүүлэх талаар сургалтуудыг явуулж ажилласан талаараа зохион байгуулагчид нь онцолсон юм.

Архины эсрэг аяны хүрээнд “Архидалтын эсрэг-Төв аймаг” хэлэлцүүлгийг сумын харьяа байгууллагын удирдлага, багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нарын дунд зохион байгуулж цаашид “Хөтөлбөрийн” хэрэгжилтийг танилцуулж хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Тус хэлэлцүүлэгт Төв аймгийн 30 гаруй албан тушаалтнууд хамрагджээ.

Т.Есүхэйтөмөр

Related news